Оросын нисэх онцгоны буудалд тэсрэх бөмбөгний тухай хошигнол ярихыг хатуу хориглов
ОХУ-ын нийслэл Москва хотын "Внуково" олон улсын нисэх буудлын удирдлага зорчигчдод хандан зэвсэг болон тэсрэх бөмбөгтэй холбоотой ямар ч төрлийн хошигнол, худал мэдээлэл гаргахыг хатуу хоригложээ.
2026 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд тус буудалд зорчигчид тэсрэх бөмбөг, галт зэвсэг биедээ авч явна гэж худал мэдэгдсэн нийт 11 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байна.
Нисэх буудлын албан ёсны Telegram сувгаар мэдээлснээр, аюулгүй байдлын албаны ажилтнууд иймэрхүү үгсийг хэзээ ч хошигнол гэж хүлээж авдаггүй бөгөөд нэн даруй хамгаалалтын шуурхай арга хэмжээ авдаг болохыг онцолжээ. "Миний цүнхэнд зэвсэг бий" эсвэл "одоо энд бүгдийг дэлбэлнэ" гэх зэрэг агуулгатай үгийг зүгээр л тоглоом шоглоомоор, сэтгэл хөдлөлд автаж, эсвэл согтуурсан үедээ хэлсэн эсэхээс үл хамааран нисэхийн аюулгүй байдлын журмын дагуу хойшлуулашгүй арга хэмжээ авдаг байна.
Хууль зүйн хариуцлагын тухайд, дээрх төрлийн худал мэдэгдэл хийсэн этгээдүүдэд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 207 дугаар зүйл буюу террорист үйлдлийн талаар санаатайгаар худал мэдээлэл түгээх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэдэг байна. Тус хуулийн дагуу буруутай этгээдэд 200-500 мянган рубль хүртэлх торгууль оногдуулах, эрхийг нь гурав хүртэлх жилээр хязгаарлах, эсвэл хоёроос гурван жил албадан ажил хийлгэх шийтгэл хүлээлгэдэг. Харин нөхцөл байдал хүндэрч ноцтой үр дагаварт хүрсэн тохиолдолд арав хүртэлх жилээр хорих ял оноодог хуулийн чанга зохицуулалттай ажээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна тухайн зорчигчид захиргааны олон талт арга хэмжээ авдаг байна. Тэсрэх бөмбөг болон зэвсэгтэй хэмээн хошигносон хүнийг тээвэрлэхээс татгалзан нислэгээс хасдаг. Мөн ийм үйлдэл гаргасан зорчигчийг агаарын тээврийн компаниуд өөрсдийн "хар жагсаалт"-д оруулж, хэдэн жилийн хугацаанд үйлчлэхээс татгалзах эрсдэлтэй тулгардаг байна.
Үүний зэрэгцээ агаарын тээвэрлэгч компаниуд нислэг саатсантай болон аюулгүй байдлын нэмэлт шалгалт явуулсантай холбогдон гарсан их хэмжээний бодит хохирлыг худал мэдээлэл өгсөн этгээдээс нэхэмжлэх хууль ёсны бүрэн эрхтэй юм. Нисэх буудлын зүгээс агаарын тээврийн аюулгүй байдал аливаа тоглоом шоглоомоос үргэлж дээгүүрт тавигддагийг сануулж, бодлогогүй ганц үг их хэмжээний өр төлбөр, эрүүгийн ял шийтгэлд хүргэх аюултайг сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.