Африк тивийн хамгийн баян эрхэм үйлдвэрийнхээ хувьцааг олон нийтэд санал болгов
Хувьцааны анхдагч зах зээлийн түүхэн дэх Африкийн хамгийн том арилжаа албан ёсоор эхэлж, тус тивийн тэргүүн баян Алико Данготе газрын тос боловсруулах болон петрохимийн цогцолборынхоо (Dangote Petroleum Refinery) хувьцааг олон нийтэд нээлттэй худалдаалж эхэллээ.
Лагос хотын ойролцоох Лекки чөлөөт бүсэд байрлах уг цогцолборын нийт үнэлгээг 47-49 тэрбум ам.доллароор тооцсон бөгөөд нийт хувьцааныхаа ойролцоогоор 3-3.3 хувьтай тэнцэх 4.1 тэрбум ширхэг хувьцааг Нигерийн хөрөнгийн биржээр дамжуулан санал болгож байна.
Нэгж хувьцааны үнийг 525 найра буюу ойролцоогоор 0.40 ам.доллароор тогтоосон бөгөөд энэхүү хувьцаа гаргалтаар нийт 2.15 их наяд найра буюу 1.6 тэрбум орчим ам.доллар татан төвлөрүүлэх зорилт тавьжээ. Хэрэв захиалгын эрэлт төлөвлөснөөс давбал нийт санхүүжилт 2.1 тэрбум ам.долларыг давах боломжтой юм.
Энэхүү арилжааг таксины жолооч, тогооч, жижиг худалдаачин зэрэг эгэл жирийн иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс дижитал болон финтек платформоор дамжуулан борлуулж байна. Иргэдийн худалдан авах доод хэмжээг ердөө 10 ширхэг хувьцаа буюу 5,250 найра (ойролцоогоор 4 ам.доллар)-аар тогтоожээ. Мөн богино хугацааны дамлан худалдаалтыг хязгаарлах зорилгоор хувьцаагаа хоёр жилийн турш тасралтгүй эзэмшсэн жижиг хөрөнгө оруулагчдад хоёр ширхэг хүртэлх урамшууллын хувьцаа үнэгүй олгох нөхцөл тусгасан байна.
Африк тивийн тэрбумтны ойролцоогоор 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон тус үйлдвэр 2024 онд арилжааны үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор өдөрт 650-700 мянган баррель түүхий нефть боловсруулж байна. Үйлдвэр Нигерийн дотоодын түлшний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа хангахаас гадна дизель түлш, онгоцны шатахууныг Африк болон Европын орнуудад нийлүүлдэг. Хувьцааны арилжаанаас төвлөрүүлэх хөрөнгийг үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөх төсөлд зарцуулах бөгөөд 2029-2030 он гэхэд боловсруулах хэмжээг өдөрт 1.4 сая баррельд хүргэж, дэлхийн хамгийн том нефть боловсруулах цогцолбор болохоор зорьж байгаа аж.
Санхүүгийн үзүүлэлтийн хувьд тус цогцолбор 2026 оны эхний хагаст 13 тэрбум гаруй ам.долларын орлого олж, 1.82 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Хувьцааны нээлттэй санал болголттой зэрэгцэн Алико Данготе ойрын гурваас дөрвөн жилийн хугацаанд АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн бирж, эсвэл Nasdaq биржид давхар бүртгэл хийлгэж, олон улсын томоохон хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан байна. Сүүлийн үеийн хөрөнгө оруулалтын өсөлт болон хувьцааны нээлттэй үнэлгээний үр дүнд түүний нийт хөрөнгө 20-23 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 50-58 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Хувьцааны анхдагч захиалга эхэлсэн өдөр цахим сувгуудын ачаалал эрс нэмэгдэж, олон нийтийн сонирхол өндөр байгааг харуулж байгаа аж.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.