🔴Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Н.Учрал хоолойгоо боолгож унах гэж байна. Энэ их будилааныг Б.Энхбаяр гардан хийж байгаа

AI хөрвүүлсэн
🔴Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Н.Учрал хоолойгоо боолгож унах гэж байна. Энэ их будилааныг Б.Энхбаяр гардан хийж байгаа

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдал, эрх баригч нам доторх асуудал болон Засгийн газрын тогтвортой байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр өнгөрсөн дөрөв, таван өдрийн өмнө Ерөнхий сайд Н.Учрал, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нартай байгаль орчны болон намрын чуулганаар хэлэлцэх асуудлаар тав, зургаан цаг урт хугацаанд уулзаж ярилцсан бөгөөд тухайн үед улс төрийн уур амьсгал хэвийн байсныг тодотгов. Гэвч сүүлийн нэг, хоёр хоногт гэнэтийн үйл явдлууд ар араасаа гарч ирснийг тэмдэглэлээ.

Тэрбээр хэлэхдээ, "Өмнө нь Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа хоёрыг хөөж нэг асуудал үүссэн. Дараа нь Х.Нямбаатар махны үнийн асуудлаар гарч ирж байсан бол сүүлийн нэг өдрийн дотор гэнэт л С.Амарсайхан маш муу хүн болж хувирлаа. Миний хувьд хэвлэл мэдээллийнхэн ч, парламент ч том зургаараа харж, дараа дараагийн төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлэх тал дээрээ анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр Монголын парламент удганы хэрэг ярьдаг гишүүдийн түвшинд хүрчихээд байна шүү дээ. Жил гаруйн өмнө парламент муу ч, сайн ч томоохон төслүүдийнхээ зөв, бурууг шүүн хэлэлцдэг байсныг хүмүүс мартсан байж магадгүй. Одоо хайран цаг хугацаагаа алдаж байна. Хов жив, ар гэр рүүгээ орсон явцуу зүйлээ багасгаж, ажлаа ярих хэрэгтэй" гэв.

Шадар сайд С.Амарсайхантай холбоотой хэргийн ард улс төрийн захиалга бий эсэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр: "Хууль зүйн сайдынхаа эсрэг мөрдөгчид мэдэгдэл хийж байна гэдэг бол ойлгомжтой асуудал. Хууль зүйн сайдаас дээгүүр албан тушаалтан чиглэл өгч байж л ийм зүйл болно. Өмнө нь Х.Тэмүүжин сайд дээр цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа явуулж байсантай ижил нөхцөл байдал үүсэж байна. Аливаа асуудал хуулийнхаа дагуу эрэмбэ дарааллаараа явахгүй бол төрийн нэгдсэн удирдлагын тогтолцоо алдагдана. Үүнээс үүдэж дунд шатанд сахилга хариуцлага суларч, бүх түвшинд авлига, хүнд суртал гаардаг. Үүнийг намын бүлэг дээрээ нээлттэй ярих учиртай. Хүн чанарын хувьд ч онцгүй санагдаж байна. Хууль бус асуудал байвал ярилгүй яах вэ, гэхдээ яагаад заавал намрын чуулганы өмнө тогонд цохиулсан юм шиг гэнэт гаргаж ирж байгаа нь улс төрийн зорилготой нь тодорхой. Удирдлагууд маань 2027, 2028 оны сонгууль дөхөж байгааг бодолцож, асуудлыг том зургаар нь харах ёстой" гэлээ.

Мөн Засгийн газрын тогтвортой байдал болон сөрөг хүчний үйл ажиллагааны талаар дараах байр суурийг илэрхийлэв. "Засгийн газар огцорлоо гээд нөхцөл байдал сайжирна гэдэгт би туйлын эргэлзэж байна. Нөхцөл байдлаа зөв дүгнэж, сөрөг хүчин нь ажлаа хийж, эрх баригчид нь ч ажлаа хийгээд явах нь зүйтэй. Хамтарсан засаг байгуулагдаад төслүүд урагшилж байхад хэдэн хүн сайд болохын тулд 'АН-д хамаг сайн яамдаа өгчихлөө, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Хууль зүйн яам, Хяналтын сайдаа өглөө' гэж жижиг шалтаг гарган дангаараа засаглана гэж зүтгэсэн. Тэгээд 'Алтан өргөө' кинон дээр гардаг шиг их алт эрдэнэс байна гэж бодсон хайрцгаа нээсэн чинь юу ч байхгүй, усгүй хоцордогтой адил зүйл боллоо. Энэ бол манай намын Б.Энхбаяр тэргүүтэй цөөн нөхдүүдээс болсон асуудал. Нөхцөл байдал хүндрээд ирэнгүүт А.Ариунзаяа буруутай, Саракан буруутай, одоо С.Амарсайханаас боллоо гээд бусдаас бурууг хайсан явуургүй улс төрөөр хол явахгүй, байдлыг улам л хүндрүүлнэ. МАН-ын хувьд одоо ажлаа хийж, ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх л цаг" хэмээн онцлов.

Нам доторх хагарал болон Ерөнхий сайд Н.Учралын талаар тэрбээр: "Ерөнхий сайд Н.Учралыг би ойлгож байна. Би өмнө нь 'Өөрийн толгойтой байгаарай' гэж хэлж байсан. Өөрийн толгойтой байвал түүхэнд үлдэнэ, үгүй бол хананд зургаа өлгүүлсэн түр хугацааны Ерөнхий сайд болно. Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Х.Нямбаатар нарын асуудал болон одоо С.Амарсайхан, Молор-Эрдэнэ нартай холбогдуулан гаргаж ирж буй зүйлд С.Амарсайхан ямар ч холбоогүй юм билээ, би өөрөө утсаар ярьж асуусан. Энэ бүх зүйл Н.Учралаас үл хамааран явж байгаа болов уу гэж найдаж, түүнд итгэхийг хүсэж байна. Гэхдээ Н.Учрал өөрөө улс төрийн дүгнэлт хийх цаг нь болсон. Намын дарга, УИХ-ын дарга хийсэн туршлагатай, одоо энэ том намыг 2027, 2028 оны сонгуульд удирдан авч явах гараан дээрээ байна. Хүний занганд орж, хүний гар хөл болж ажиллаж болохгүй, өөрийнхөөрөө байх ёстой" гэлээ.

Цаашлаад тэрбээр, "Өмнө нь Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан бол одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй байна. ЗГХЭГ бол эв нэгдлийг хангах үүрэгтэй байгууллага. Саяны цагдаагийн мэдэгдлийг Б.Энхбаяр зохион байгуулсан байх магадлал тун өндөр. ЗГХЭГ-ын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүлгийн дарга гурав Ерөнхий сайддаа дэмжлэг үзүүлж, эв нэгдлийг хангаж өгөхгүй бол Ерөнхий сайдын цаг хүрдэггүй. Ерөнхий сайд явж явж энэ гурван хүнтэй л хамтардаг. Гэтэл энэ гурван албан тушаалтан эв нэгдлийг хангах тал дээр хангалтгүй ажиллаж байна. Сайд нар болон надтай хамт ажиллаж байгаад, дараа нь Зандан даргын нүүрийг үзэж, одоо Учрал дээр ирчхээд байгаа нөхдүүд Ерөнхий сайдыг огцруулаад өөрсдөө үлддэг хурган аргаа болих хэрэгтэй. Хэрэв энэ удаа Ерөнхий сайд огцорвол бүгдээрээ хамт ажлаа өгөх ёстой. Ерөнхий сайд гэдэг албан тушаал бол эд нарыг ажилтай байлгахын тулд урдаа барьдаг цохилтын мешок биш. Бүгд хариуцлагатай байх ёстой" хэмээн хатуу сануулав.

Нийслэлийн МАН-ын хороог авах шахалт яригдаж буй тухайд: "Цагийн зүүг ухрааж болохгүй. Н.Учралыг намын даргаар сонгоход өрсөлдөгчгүйгээр бүгд л дэмжсэн. Өмнө нь би Г.Занданшатарын Засгийн газарт байр сууриа ил тод илэрхийлдэг байсан бол Н.Учралыг чадах чинээгээрээ дэмжээд явж байна. Гэхдээ өөрөө буурьтай, өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Х.Нямбаатар, Н.Учрал хоёрын дунд муудалцсан зүйл байхгүй, сошиал баг нь л хоорондоо муудалцаад байгаа болохоос биш. Сүүлийн үед янз бүрийн юманд стресстээд бусдаас бурууг хайх жижиг улс төр яваад байна. Бүлгийн хурал дээрээ асуудлаа ил тод ярих ёстой. Би С.Бямбацогт даргатай ч ярьсан, намынхандаа том зургаа харж ажиллахыг уриална" гэлээ.

Төгсгөлд нь, намрын чуулганы хуралдаанд идэвхтэй оролцох эсэх тухайд өнгөрсөн хаврын чуулганы төгсгөл рүү ирц дээр зарим асуудал гарсан ч, энэ удаагийн намрын чуулганы хуралдаануудад бүрэн дүүрэн сууж, идэвхтэй ажиллахаа мэдэгдэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.