🔴УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 363 мянган төгрөгөөр амьдарч байна. Биднийг үх гээд байгаа юм уу
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан төсвийн тодотголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг тусгаагүйг эсэргүүцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ, "Өнөөдөр өргөн баригдсан төсвийн тодотголд Монгол Улсын хамгийн хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй 112 мянга (зарим тооцоогоор 107 мянга) өрх айлын асуудал огт хөндөгдөөгүй байна. Бусад өрх айлуудыг тооцсон хэрнээ яагаад энэ 112 мянган өрхийг орхигдуулж байгаа юм бэ? Эдгээр иргэд өнөөдөр амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур амьдарч байна. Энэ бол иргэн Баясгалан хувьдаа тэтгэвэр, тэтгэмжээ нэмүүлэх гээд байгаа хэрэг биш, 112 мянган өрхийн амьдрал, хувь заяаны тухай асуудал юм" хэмээн онцлов.
Мөн тэрбээр сард ердөө 330 мянган төгрөгийн тэтгэмж авдаг иргэдийн нөхцөл байдлыг Байнгын хорооны хуралдаан дээр хөндсөн талаараа дурдаж, "Төсвийн тодотголоор яагаад тэдний тэтгэмжийг нэмээгүйг асуухад 'Эдгээр иргэдийн мөнгийг нэмбэл инфляцад нөлөөлнө' гэсэн тайлбарыг өгсөн. Өмнө нь Ерөнхий сайд Занданшатартай мэтгэлцэж байхад ч яг энэ шалтгааныг хэлж байсан юм. Амьжиргааны түвшнээс доогуур нөхцөлд буй иргэдээ Үндсэн хуульд заасан жирийн амьдрах эрхээр нь хангахын төлөө ажиллахын оронд 'инфляцад нөлөөлнө' гэж шалтаглан худал тайлбар хийж байна" гэж шүүмжиллээ.
Түүнчлэн төрийн үрэлгэн зардлыг шүүмжлэн, "Өндөр цалинтай төрийн дээд албан тушаалтнуудын гадаад айлчлалын зардлыг хасдаггүй мөртөө, нэг ширхэг нь 56 сая төгрөгийн үнэтэй хогийн сав авахад 5.6 тэрбум, 4.1 тэрбум төгрөгийг харамгүй төсөвлөдөг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандаж төр маань нүүрээ бус бөгсөө харуулж байна. Энэ байж болохгүй асуудал. 56 сая төгрөгийн үнэтэй ганц хогийн савны оронд хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүний тэтгэмжийг нэмж болох байсныг тооны машинаар бодоод үзэх хэрэгтэй" хэмээн бухимдлаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Төсвийн байнгын хороон дээр хариуцлагатай хариулт өгөөгүйг дурдаад, "Төсвийн байнгын хороон дээр энэ асуудлыг хэлэхэд нэг ч бодитой хариулт өгөөгүй. Харин өөдөөс 'Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсвөөс хасаагүй шүү' гэж тохуурхаж байна. 330 мянган төгрөгөөс юуг нь хасах гэсэн юм бэ? Тэр хүмүүст илүүчлэх ямар төсөв, мөнгө байгаа гэж бодоо вэ? Та нар 330 мянган төгрөгөөр нэг сар амьдраад үз дээ. Хэдэн төгрөгөөр нь эм тариагаа, хэдэн төгрөгөөр нь хоол хүнсээ авч, юуг нь хасуулах юм бэ? Тэдний амь амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөөг хасах гээд байгаа юм уу? Хасах зүйл тэдэнд алга. Тэтгэмжийг нь нэмээгүй шалтгаанаа 'хасаагүй' хэмээн тайлбарлаж болохгүй" гэв.
Тэтгэмжийн хэмжээ болон бодит үнийн өсөлтийн зөрүүг харьцуулан, "Ирэх онд тэтгэмжийг 10 хувиар нэмнэ гэж байна. Ингэж нэмэгдээд дээд тал нь 525 мянга, доод тал нь 363 мянган төгрөг болно. Гэтэл 2026 оны амьжиргааны доод түвшин өнөөдөр аль хэдийн 537 мянган төгрөг хүрсэн байна шүү дээ. Иргэдийг амьжиргааны доод түвшнээс доогуур яаж амьдар гэж байгаа юм бэ? Эсвэл энэ иргэдээ хасмаар байгаа бол Монгол Улсын 3.6 сая хүний тооноос тэр 110 мянган иргэнээ хасчих. Хэрэв тэгж хасахгүй юм бол тэтгэвэр, тэтгэмжийг нь дорвитой нэмэхийг шаардаж байна" гэлээ.
Төгсгөлд нь тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ зарлаж, "Одоо би УИХ-ын чуулганы хуралдаанд орохгүй. Орлоо гээд асуулт асуух, үг хэлэх боломж олгохгүй байхад тийшээ орж суух шаардлага алга. Нүд хуурсан ийм төсвийн тодотголын хуралдаанд суухгүй. Маргаашаас эхлэн 2027 оны төсөв хэлэлцэх үед ч, өдөр бүр энэ хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэх болно. Одоо бодит байдлыг харах цаг болсон. Өнгөрсөн жил гуйж байж 110 мянган иргэнд 30 тэрбум төгрөгийн нэмэгдэл хийсэн. Гэтэл нэг хүнд ердөө 20 мянган төгрөг очсон байна. 20 мянган төгрөгөөр өнөөдөр хагас килограмм мах ч авч дийлэхгүй. Шагийн бензин 10 мянган төгрөг хүрсэн энэ үед хоёрхон литр шатахууны мөнгө шүү дээ. Ийм байдалд байхад 'Иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах гэж төсвөө тодотголоо' хэмээн худал ярихаа болих хэрэгтэй. Би хувь хүнд биш, энэ удаагийн төсвийн бодлогод буруу өгч байгаа тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.