СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-27

Ардчиллыг амилуулсан Зөвлөлдөх санал асуулга

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монголчууд хот, хөдөөгүй, малчин, сэхээтэн ялгалгүй нэг танхимд цуглаж чадсан  нь Зөвлөлдөх санал асуулга байв. Ямар сайндаа л малчид Төрийн ордонд зүүрмэглэлээ гэж шүүмжлүүлж байхав. Ингэж төрийнхөө үйл хэрэгт гар бие оролцохоор хэдэн мянган км, Монгол орны өнцөг булан бүрээс зорьж ирсэн малчдаас гадна дээд боловсролтой залуус, бизнесмэн гээд амьдралын олон “өнгө”-ийн төлөөлөл улс орныхоо төлөө санал бодлоо уралдуулав.

Хэдийгээр санамсаргүй ч гэлээ гурван сая Монголоос нэр цохон сонгогдсон гэдэг утгаараа өөрт оногдсон хэд хоногтоо өөр юунд ч сатаарахгүй, анхаарахгүй хариуцлагатай байхыг хичээсэн гэдгийг иргэдийн төлөөлөл хэвлэл мэдээллээр ярьсан. Тиймээс ч энэ удаагийн зөвлөлдөх санал асуулга бол ардчиллыг жинхэнэ утгаар нь амилуулсан үйл явдал боллоо гэдгийг батлан хэлж байсан нь анхаарал татаж байв.

Амьдрал олон өнгөтэйн дээр баялаг байдаг. Зөвлөлдөх санал асуулга, тэр дундаа хоёр дахь шатны санал асуулгын хүрээнд зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад тэрхүү олон өнгө, баялгийг нэгэн дор хуралдуулж, монгол оюун ухаанаар, ардын язгуур ухаанаар улс оронд тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь зөвлөж хэлэлцсэн болохоор зөв, сайн үр дүн гарсан гэдэгт итгэлтэй байна. Ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүс хэчнээн мянгуулаа цуглаж хуралдсан ч тэндээс нэг талын хүсэл, бодол л гарна. Нийт ард иргэдийн төлөөллийг улс орны өнцөг булан бүрээс сонгож оролцуулан, оюун бодлыг нь уралдуулж, нийгмийн зөвшилцөлд хүрч болдгийг энэ үйл явдал харууллаа гэдгээ ч эрдэмтэн мэргэд, салбар бүрийн шилдэг экспертүүдийн төлөөлөл ярина лээ.

Санал асуулгад оролцсон 1570 иргэн төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцож, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсэн. Үүндээ ч эдгээр иргэд бахархалтай байсан. Иргэн төрийг удирдах хэрэгт нэг бол өөрөө шууд, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болох Үндсэн хуулийн заалт сая бодитоороо хэрэгжлээ. Өөрөөр хэлбэл, их ард түмнийг төлөөлсөн бага ард түмний энэ санал Монголын ард түмний хүсэл эрмэлзлэлийг бүрэн төлөөлж байгаа гэж хэлж болно. Ийнхүү Зөвлөлдөх санал асуулга бол иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр гэдгийг тодотгож, харуулсан эл үйл явдлын талаар эрдэмтэд, иргэд юу хэлснийг хүргэе.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Г.Галбадрах:  ДАТА МЭДЭЭЛЛҮҮДЭЭ ДАХИАД ГҮНЗГИЙРҮҮЛЭЭД СУДЛААД ҮЗЬЕ

-Зөвлөлдөх зөвлөлийн нэг, хоёрдугаар шатанд оролцогчдоос маш их мэдээллийн дата цугларсан. Бид асуулт бүрээр хариултаа багцлахаар энэ асуултад төдөн хүн санал өгсөн байна гэсэн статистик тооны ард ерөнхий мэдээлэл  өгөх болчихоод байгаа юм. Гэтэл үүний цаана байгаа үй олон датаг яах вэ гэдэг асуулт үлдэж байна. Тийм учраас УИХ-ын даргатай уулзах үеэр дата мэдээллүүдээ дахиад гүнзгийрүүлээд судлаад үзье. Хүмүүсийг өгсөн санал, дэвшүүлсэн асуудлыг гаргасан судалгаан дээр тулгуурлаад шинжлэх ухааны үндэслэлтэй, статистик дээр тулгуурласан хуулийн дагуу гаргалгааг гаргаж тавих ёстой гэж харж байна.

Зөвлөлдөх санал асуулгын нэг, хоёрдугаар шатанд иргэдийн өгсөн саналыг дахиад нарийвчлан судлах шаардлагатай. Хэрхэн, ямар байдлаар хууль, тогтоомжид тусгах вэ, эрх зүйн өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдэг нь УИХ-ын ажил. Зөвлөлдөх зөвлөл үүргээ гүйцэтгээд, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ. Хэрвээ энэ эрэмбэлсэн асуудлуудыг УИХ хэлэлцэхгүй, үл ойшоовол Зөвлөлдөх зөвлөл олон нийттэй хамтраад шаардах ёстой.

Эдийн засагч Ө.Ганхуяг: НЭГ Ч ХҮН ЯВЦУУ ӨНЦГӨӨС ХАНДААГҮЙ

-Зөвлөлдөх санал асуулгаар 22 асуудлыг хоёр үе шаттай авч хэлэлцсэн. Санал асуулгын нэг нь л иргэдийн саналаар уналаа. Тэр нь Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж, хэлэлцүүлэх гэдэг асуудал. Бусад 21 асуудал дэмжигдсэн. Тэр дундаа Ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бий болгох тухай асуудал өндөр хувиар дэмжигдсэн. Эхний шатны санал асуулгад иргэд “Мэдэхгүй” гэсэн хариултыг өгөөд байсан бол хоёр дахь шатанд маш сайн мэдээлэл, ойлголттой хандаж, нухацтай хариулсан. Өөрөөр хэлбэл, хоёр шатны санал асуулга хоёулаа маш амжилттай болсон. Өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаж байгаа асуудалд эдгээр 1570 иргэн нийгмийн маш өндөр идэвхтэй хандсан. Ялангуяа хоёр дахь шатны оролцогчид улс орныхоо төлөө энэ асуудлыг шийднэ гэдгээ бүрэн ухамсарлаж хандсан. Нэг ч миний, манай аймаг, сумын асуудал гэсэн хувийн явцуу өнцгөөс хандаагүй. Энэ утгаараа маш үр дүнтэй болсон.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Моондой: ИЙМ МЕХАНИЗМЫГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Монгол Улсын Үндсэн хуульд ард түмэн “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөл гаргасан зөвлөмжөө өргөн барьсан. Одоо энэ зөвлөмжийг төрийн бодлого, шийдвэрт тусгах ёстой. Улсын Их Хурлын даргаас зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжид тусгасан асуудлуудыг холбогдох хуулиудад тусгахад хамтран ажиллах саналыг тавьсан. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган эхлэхээс өмнө санал боловсруулахаар болсон. Цаашид төрийн үйл хэрэгт ард түмнийг оролцуулдаг ийм механизмыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй.

“Транспаренси интернэшнл Монгол” ТББ-аас нэр дэвшиж Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон, эрх зүйч Л.Төр-Од: ЗӨВЛӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГСНӨӨР БИД АЖИЛ ДУУСЛАА ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА

-Монгол Улсын түүхэнд дөрөв дэх удаагийн зөвлөлдөх санал асуулга явагдлаа. Зөвлөмж хүлээлгэн өгснөөр бид ажил дууслаа гэж бодохгүй байна. Улсын Их Хурлын ирэх хавар, намрын ээлжит чуулган эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлд төвлөрч, харин Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд хамтран ажиллах юм байна. 

Энэ ташрамд, иргэд тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхээр зөвлөлдөх санал асуулгыг санаачлах эрхтэй гэдгийг хэлмээр байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 500-аас дээш, дүүрэгт 300- аас дээш, аймагт 100-аас дээш, суманд 50-аас дээш тооны иргэд нэгдэн, нийтийн ашиг сонирхолд хамааралтай тодорхой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах хүсэлт гаргасан бол харьяалах Засаг дарга болон ИТХ нь зохион байгуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох; орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар; хот, суурин газрын нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж зэрэг хэсэгчилсэн төлөвлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулна гээд заасан байгаа шүү дээ. Харамсалтай нь, миний мэдэж байгаагаар дээрх хүрээнд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан Засаг дарга, ИТХ одоогоор байхгүй.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар: 801 ИРГЭНЭЭС ХУРАЛ ТАСАЛСАН, ЦАЛГАРДУУЛСАН ХҮН БАЙСАНГҮЙ

-“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтын хамгийн гол онцлог нь жирийн иргэд төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд оролцсон явдал юм.Өмнө нь иргэд Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцож санал өгч, төрийг төлөөлөх хүнээ сонгож, сонгох эрхээ эдэлдэг байсан. Гэхдээ үүнд улс төрийн аль нэг нам, эвслээс юм уу эсвэл хэн нэгний санал болгосон хүнийг, намыг, эсвэл мөрийн хөтөлбөрийг уншиж сонголтоо хийдэг.

Тэгвэл Зөвлөлдөх уулзалт үүнээс өөр. Зөвлөлдөх уулзалтад оролцогчид Монгол Улсын хөгжил, ард түмний амьдралд тодорхой шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудыг олон талаас нь ярилцаж, шийдвэрлэж, төрийн бодлогод тусгуулахаар оролцсоноороо онцлогтой. Энэхүү үйл ажиллагаанд аль нэг улс төрийн нам, удирдах албан тушаалтан, дарга оролцсонгүй. Харин Үндэсний статистикийн хорооноос явуулсан санамсаргүй түүврийн аргаар бодитой, шударгаар иргэд сонгогдож, оролцсон. Тийм учраас Зөвлөлдөх уулзалтад иргэд маш идэвхтэй, зүтгэлтэй оролцсон юм. 801 иргэнээс хурал тасалсан, цалгардуулсан хүн байсангүй. Бие биеэ хянаад багаараа маш сайхан зөвлөлдөж, асуудалд их нухацтай хандсан.Өөрөөр хэлбэл, Зөвлөлдөх уулзалт гэдэг маш хэрэгтэй механизм юм байна. Иргэдэд эхлээд тодорхой асуудлаар мэдээлэл, ойлголт өгөөд дараа нь саналыг сонсож, төрийн бодлого, шийдвэр гаргахдаа тэдний саналыг тусгах нь  зөв хэлбэр юм.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар: ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТААР АРД ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛ ХЭРЭГТ ШУУД ОРОЛЦОЖ БАЙНА

-Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал, “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах”, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн дөрвөн багц сэдэв тус бүрээр нэгдсэн хуралдаан болон жижиг хэсгийн хэлэлцүүлэг гэх бүтэц бүхий цогц үйл ажиллагаа явагдсаны дараа оролцогчид эхний шатны санал асуулгад хариулсан асуултууддаа дахин хариулна.Хоёр дахь шатны санал асуулгын хариултыг авсны дараа Үндэсний статистикийн хороо дүнг нэгтгэж энэ сарын 16-нд буюу Пүрэв гарагт Зөвлөлдөх зөвлөлд тайлагнана. Зөвлөлдөх зөвлөл тайланг хэлэлцэж, санал асуулгад хөндөгдсөн асуудал тус бүрт дүгнэлт өгсөн Зөвлөмж боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах юм.

Зөвлөлдөх уулзалтын оролцогчид нийт 54 жижиг хэсэгт хуваарилагдан асуудлуудыг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөр хоорондоо хэлэлцэж байна. Энэхүү жижиг хэсгийн хэлэлцүүлгүүдийг хуульд заасны дагуу оролцогчдын бие даасан байдлыг хангасан нөхцөлд явуулж байгаа эсэхэд Зөвлөлдөх зөвлөлийн болон тус зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний статистикийн хорооны ажилтнууд тал бүрээс хяналт тавьж байна

Баянхонгор аймгийн төвийн сумын Рашаант багийн иргэн Ш.Чимэгээ: САНАМСАРГҮЙ ТҮҮВРИЙН СОНГОЛТОД ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ТАЙЛБАР ӨГЬЕ

-Санамсаргүй түүврийн сонголт гэдэгт хүмүүс эргэлзээд байна, үүнд би тайлбар өгье. Би Ардчилсан намын гишүүн, орон нутгаасаа олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, ахмад настнууд гээд олон бүлгийн хүмүүсийг төлөөлөн ирж зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Уулзалтад оролцсон хүмүүс маш их мэдлэг, мэдээлэл авсны үндсэн дээр асуудлыг гүн гүнзгий тунгааж, ирээдүйгээ бодож саналаа өгч байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хоёрдугаар багийн иргэн Н.Баттунгалаг: ТӨРИЙН ХҮМҮҮС ШИГ МАШ ИДЭВХТЭЙГЭЭР АСУУДЛАА ХЭЛЭЛЦСЭН

-Зөвлөлдөх уулзалтыг нягт нямбай, хүн бүрийг нэгийг ч орхигдуулалгүй, сайн зохион байгууллаа. Иргэд бидний өгсөн санал ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Мөн манай хэсгийнхэн хэзээний төрийн хүмүүс шиг маш идэвхтэйгээр асуудлаа хэлэлцсэн.

Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүн И.Цэрэн-Онолт: ХУУЛЬ, ЖУРАМ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ

-Хоёр шатны санал асуулгын үеэр хууль, журам зөрчсөн тохиолдол гараагүй, оролцогчид болон бусад иргэдээс гомдол, санал ирээгүй хэмээн мэдээлээд, санал асуулга болон Зөвлөлдөх уулзалт хуулийн дагуу явагдсан хэмээн үнэлж байна.  

Доктор (Ph.D), дэд профессор Б.Нарантулга:

-“Ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол хүний хөдөлмөрийн бодит үнэлэмж” илтгэлийн хүрээнд хөдөлмөрийн үнэлэмжийн өнөөгийн байдал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөх уулзалтын оролцогчдод мэдээлэл өглөө. Хэдийгээр манай улсад хөдөлмөрлөх хууль эрх зүйн орчин бүрдсэн, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурав болон хоёр талт харилцаа харьцангуй төлөвшсөн, нийгмийн хамгаалал, халамжийн төрөл олон байгаа ч хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний түвшин бага, ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр, цагаач ажиллагчдын урсгал хөдөлгөөн нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Иргэдийн амьдралд тохиолдож болох эрсдэлээс хамгаалах, түүний сөрөг үр дагаврыг бууруулах, төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэрэгсэл бол Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан юм. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд төрийн захиргааны төв байгууллагын эрх мэдэл давамгайлж, тэдгээрийг сайдууд  толгойлдог нь эдгээр сангийн зарцуулалтыг хуваарилахад зарим гажуудал үүсгэж, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг бүрдүүлэхэд төр голлох үүрэгтэй оролцож байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын санд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх нь чухал хүчин зүйл ч сангийн төсөв, хөрөнгийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах үйл явц удаашрах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төрөөс хараат байдлыг бууруулж, олон нийтийн, тэнцвэртэй хяналтыг бий болгосон ч сангийн эрсдэлийг олон нийт буюу даатгуулагч, ажил олгогч илүү хүлээх нөхцөл байдал үүсэж болзошгүй сул талтай.

Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн санал бодлыг сонссоны дараа УИХ-ын дарга байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ ГЭСЭН АРДЧИЛЛЫН ИТГЭЛ ҮНЭМШИЛ МИНЬ БАТЖИЖ БАЙЛАА

-Миний хувьд 2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг санаачлагчдын нэг бөгөөд анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад оролцсон. Өнөөдрийн жижиг бүлгийн хэлэлцүүлгүүдэд иргэд чин сэтгэлээсээ, хувийн бус нийтийн ашиг тусын тулд яаж сэтгэлээ илэрхийлэн, ажил хэрэгчээр идэвхтэй, санаачлагатай оролцож байгааг хараад гайхан биширч, би монгол хүний саруул ухаанд итгэдэг гэсэн ардчиллын итгэл үнэмшил минь батжиж байсан.

Монголын төр оршин тогтнож, Монголын ард түмэн байгаа цагт ард түмний дуу хоолой бүхнээс хүчтэй байх болно. Иймд Улсын Их Хурал хэлэлцүүлгээс гарсан бүх санал, шүүмжлэлийг нухацтай судлах болно. Мэдээж, бүх зүйл өргөс авсан мэт сайн сайхан болж чадахгүй. Нийт үндэстний ухамсар сэргэж, сэтгэлгээний өөрчлөлтийг хийж байж бид тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж чадна. Зөвлөлдөх уулзалт хүн бүхний сэтгэлгээнд өөрчлөлт авчирсан гэж итгэж байна. Бид мэдээлэлгүй байхдаа юмыг хэрхэн дүгнэж байв, мэдээлэлтэй болоод үзэл бодол маань хэрхэн өөрчлөгдөж байна вэ, нийгмийн сүлжээний дуулиан шуугиан, сэтгэлийн хөдлөлөөр хандсан асуудал үргэлж зөв байдаггүй гэдгийг харсан байх. Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд та бүхэн тэнцвэртэй мэдээлэлтэй болж байж саналаа өгч байгаа шиг ард иргэд аливаа асуудалд хандахдаа сайтар судалж, эерэг, сөрөг талыг тэнцвэртэй шүүн тунгаасны үндсэн дээр шийдвэр гаргадаг байж гэмээнэ ардчилал төлөвшиж, тогтворжиж, үр дүнтэй болно гэсэн юм. Эцэст нь тэрбээр, та бүхний өгсөн санал асуулгын дүнд үндэслэж, Монгол Улсаа сэргээн мандуулах жинхэнэ “Шинэ сэргэлт”-ийг хэрэгжүүлж, Монгол хүн бүхний сайн сайхан амьдралын баталгааг хангах Монгол төрийн бодлогыг боловсруулж, шийдвэр гаргах болно. Ард түмнийхээ санал бодолд тулгуурлаж шийдвэр гаргадаг, хэрэгжүүлж чаддаг болсон цагт Монголын ардчилал батжиж, Монгол Улс маань сэргэн мандана.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.