Талийгаач охины ээж: 19-хэн настай охиныг минь дуудаж гаргасан гурван хүн хэрэгтэнд охиныг минь дамжуулсан ч байж магадгүй
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суудаг Д.М хэмээх 19 настай бүсгүй энэ оны нэгдүгээр сарын 18-ны 21.40 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон юм. Харамсалтайн энэ сарын 17-ны өдөр 19 настай бүсгүй бусдын гарт амиа алдаж, цогцсыг нь нуусан байсныг олж тогтоосон байдаг. Охины ар гэрийнхэн хэрэг шалгалтын явцад гомдолтой байгаа тул Ховд аймгийн хэвлэл мэдээллийг дуудаж мэдээлэл өгчээ.
Талийгаач охины ээж:
-Миний охиныг нэгдүгээр сарын 18-ны орой Одноо гэгч эмэгтэй утсаар дуудсанаар гарсан. Тухайн өдрийн шөнөдөө гэртээ ирж хоноогүй. Маргааш нь бид цагдаад мэдэгдсэн. Дуудаж гаргасан эмэгтэйгээс асуухад “мэдэхгүй” гэх хариултыг өгсөн. Бид утсыг нь үзээд чат бичээд дуудаж гаргасныг нь мэдсэн. Нэр бүхий шөнийн цэнгээний газар сууж байгаад Цэнгэл сумын цагдаагийн ажилтан Баярсайхан, багийн дарга Баясгалан гэх хоёр найзаараа охиныг минь хүргүүлсэн гэсэн. Аймгийн төв дэх “Сансар” гэх дэлгүүрийн үүдэнд байх камерыг шүүтэл машинаас хэн ч буугаагүй байсан.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас өөр камерын бичлэг надад тулгасан. "Таны охиныг Цэнгэл сумын цагдаагийн ажилтан Баярсайхан машинаасаа буулгасан байна. Түүний дараа өөр машин ирээд таны охиныг суулгаад аваад явсан байна" гэсэн.
Хоёр сарын хугацаанд би мэдүүлэг өгсөн. Миний охины цогцос энэ сарын 17-ны өдөр олдсон. Маш хэрцгийгээр хөнөөсөн байсан. Миний ах дүү нар ч байцаалт өгсөн. Манай ахын хүүхдээс хэрцгийгээр байцаалт авч, "Цогцсыг нь аваад ир" гэж байцаасан байсан. Намайг ч их хэцүү байцаасан. “Хүүхэд чинь Улаанбаатар явсан юм биш үү. Танай охин хадамд гарсан юм биш үү” гээд инээлдээд л үнэхээр их доромжилсон. Би аргаа бараад уйлаад хажууд нь хотод байдаг хамаатан руугаа ярьсан. Одоо намайг тухайн үед ганцаараа байсан болохоор “Танаас тэгж байцаалт аваагүй” гэдэг.
Тэр орой дуудаж гаргасан танил эгч гэх Одноо, Цэнгэл сумын цагдаагийн ажилтан Баярсайхан, багийн дарга Баясгалан нар ажлаа хийгээд явж байна. Эдгээр хүмүүс хэрэгт холбоотой байхад би болон ах дүү нар минь хуулийн байгууллагаар явж буруу зөв хэлүүлж байна.
Талийгаач охины бэр эгч:
-Гурван хүүхэдтэй айлын хамгийн отгон охин нь байсан. Хөдөөнөөс ирээд удаагүй. Гэнэн цайлган дөнгөж 19 настай охин. Гэтэл 30 гарсан гурван хүн хүүхдийг дуудаж гаргасан байхад эдгээр хүмүүсийг буруутгахгүй байна. Цагдаа ирээд "Та энэ тогтоолд гарын үсэг зур" гэсэн. Ямар тогтоол болохын тодруулахад “Эдгээр гурван хүн энэ хэрэгт холбогдолгүй” гэсэн тогтоол гэж хэлсэн.
Цогцос олсон гэх мэдээллийг хэвлэлээс харж, цагдаагийн байгууллагад очиход "ажилтай байна гар" гэсэн гэлээ.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Талийгаач охиныг авч явсан автомашиныг хайж, эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлснээр Баян-Өлгий аймагт оршин суух Х.Ардабек гэх эр 19 настай бүсгүйг хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг олж тогтоосон. Хэргийн холбогдогч тухайн өдөр хуримаас согтуу гарч яваад талийгаач эмэгтэйтэй танилцаж, машиндаа суулгаж явсан. Улмаар амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шуудайд хийж, аймгийн төвөөс 20км-ийн зайтай газарт байдаг нэгэн хашааны жорлонд хийж, булчихаад явсан талаар мэдээлсэн юм.
Харин энэ талаар талийгаач охины ээж дараах тайлбарыг өгчээ.
-Одноо, Баярсайхан, Баясгалан гэх гурван хүн л энэ хэрэгт холбоотой. Хэрэгтэнд охиныг минь дамжуулсан ч байж магадгүй. Энэ гурван хүнийг шалгасан бол арын бүх хэрэг ил болох байсан.
Гэмт хэрэгтэн тодорхой болсон талаар Цагдаагийн байгууллагаас бид нарт одоо болтол тайлбар өгөөгүй. Цахим орчноос л мэдээлэл харж байна. Үнэн эсэхийг мэдэхгүй байна. Охиныг минь тухайн өдөр Х.Ардабек гэх хүнтэй танилцаад дагаад явсан мэтээр муухай хэлж байна. Өвлийн урт шөнийг би яаж охиноо хайж зовж өнгөрүүлсэн гэж бодож байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.