Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нарын найман хүнийг АТГ-т шалгуулахаар хандав

"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас “Могойн гол” ХК-ийн удирдлагууд болон нэр бүхий найман хүнийг нүүрсний хулгайн асуудлаар АТГ-т шалгуулахаар хандлаа.

"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-ын гишүүн Ж.Нямдаваа:

-Хөвсгөл аймаг нь уул уурхай биш, аялал жуулчлалаараа хөгжсөн аймаг. Одоогоор “Могойн гол” ХК-иас өөр уурхай үйл ажиллагаа явуулдаггүй.

Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит “Могойн гол” ХК-ийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон бусад газар хэлтсийн дарга нарыг АТГ-т шалгуулахаар хандаж байна.

Учир нь 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны аймгийн ИТХ-ын тогтоолоор “Могойн гол” ХК-ийн уурхайгаас экспортын нүүрс тээвэрлэлтийг борлуулахыг хориглосон байдаг. Гэвч 2021 оноос тээвэрлэж эхэлсэн бөгөөд 2022 оны арваннэгдүгээр сарын Засаг даргын тогтоолоор дахин хориглосон. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тус нүүрс тээвэрлэлтийг хориглосон захирамж үйлчлэхгүй байна. Өдөрт 50-100 машин дуртай замаараа нүүрс тээвэр хийж, байгаль орчин сүйтгэж байна. Засаг дарга 2020 онд сонгогдохоосоо өмнө ч тус тээвэрлэлт зам гүүрэнд 7,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан талаар мэдээлж байсан.

Тиймээс гаргасан захирамжаа хэрэгжүүлэхгүй байгаа ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан, МХГ-ын дарга Д.Түмэнбаяр, Цагдаагийн газрын дарга Т.Ганхуяг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнхжаргал, Авто тээврийн газрын дарга Ө.Баттулга, “Могойн гол” ХК-ийн орлогч дарга Б.Батхүү нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-т шалгуулахаар хандаж байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.