? LIVE: Н.Амарзаяа: Цагаан хадны жолооч нарыг "бөмбөлөг"-ийн зохион байгуулалтад оруулж, тээвэрлэлт нэмэгдсэн
Өмнөговь аймгийн Цагаан хаданд үүссэн нөхцөл байдлын талаар Хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд дарга Н.Амарзаяагаас тодрууллаа.
Н.Амарзаяа: Миний бие Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хариуцан ажиллаад 45 хоног болж байна. Ер нь бол хилийн боомтын үйл ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас зогссон байсан. Энэ коронавирусийн халдварын нөхцөл байдлаас болсон. Ингээд Ковидын хариу арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар болж ОБЕГ-аас мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байна. Энд 150 орчим төрийн байгууллагын гурван том нэгж бүтэц, зохион байгуулалтад дор ажиллаж байна. Тойруулаад 29 хамгаалалтын бүс хийсэн.
Ингээд БНХАУ-ын талтай ярилцан уулзалт зохион байгуулж, бөмбөлөг гэх тээвэрлэлтийн үйл ажиллагаанд орсон. Ингээд 40 хүнтэй нэг баг үүсгэсэн энэ нь нэг бөмбөлөг гэсэн үг. Тухайн багийн нэг хүн шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд тухайг багийг Цагаан хад суурьшлын бүсээс гаргана.
170 гаруй тээврийн компанийн 5000 гаруй жолоочийг 40 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалтад оруулаад байна. Ингээд Монгол, Хятад талаас шинжилгээ авахад 8 орчим багаас эерэг тохиолдол гарсан. Энэ бол Өмнөговь даяар өвчлөл аюултай хэмжээнд байна гэсэн үг.
Гэсэн хэдий ч хоёр талын боомтуудын гадаад харилцаа дипломат шугамаар бүрэн ойлголцолд хүрч нүүрсний экспорт нэмэгдэж байна. Ингэснээр Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаа хэвийн тогтвортой явж эхэлж байна. Өдөрт 12 бөмбөлөг буюу 12 баг тээвэрлэлт хийж байна. Хятадын талтай тохиролцсон ёсоор нэг бөмбөлгөөс эерэг гарлаа гэхэд дараагийн бөмбөлөг хэвийн үйл ажиллагаа явуулна нь гэсэн үг. Энэ арга барил бол тээвэрлэлтийг хэвийн явуулах өндөр ач холбогдолтой. Анх ажлаа хүлээж авахад өдөрт 150 тээврийн хэрэгсэл урагшаа гардаг байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт 320 тээврийн хэрэгсэл нүүрс, бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байна.
Хятадын талаас Шивээхүрэн боомтоор өдөрт 50 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон
Шивээхүрэн боомт: Ажлаа авсны дараа хоёр удаа очиж ажилласан. Тухайн үед уг боомтод халдвар гарвал урд тал тээвэрлэлтийн үйл ажиллагааг бүрэн зогсоодог байсан. Гэтэл нүүрсний зам дээр 800 гаруй машин дугаарлаад зогсож байгаа юм. Хятадын талын Сэхээ боомтоос тавьсан шаардлага бол хүн өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн. Сэхийн боомтын зүгээс өдөрт 50 машин оруулах зөвшөөрөл өгсөн. Ингээд уул уурхайн компаниудад 50 хүнтэй гурван баг гаргахыг даалгасан. Уг асуудалд Хилийн боомтын бүрэн эрхт захиргаа оролцоогүй. Түүнчлэн урд боомтоос тээврийн үнэ өссөн гэх гомдол ирсэн. Үүнтэй холбогдуулан анх тогтоосон үнээр нүүрс тээвэрлэхгүй асуудал үүссэн байгаа. Энэ асуудлыг бас тээвэрлэлтийн компаниудтай зөвшилд хүрсэн. Хятадын талаас манайд өвчин битгий авчраач гэсэн шаардлага тавьдаг.
Гэтэл хамгийн сүүлд шинжилгээ хийхэд 16 хүн халдваргүй гарсан. Бусад нь халдвартай нэг бол ойрын хавьтагч болсон байсан. Жолооч нарын дунд өвчлөл өндөр байгаа энэ үед хятадын тал өвчтэй жолооч нарыг хүлээн авахгүй байгаа юм.
Халдваргүй бол өдөрт хэд ч хамаагүй машин гаргах боломжтой талаар хятадын тал мэдэгдсэн байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.