С.Амарсайханы хамтран зүтгэгчдэдээ олгосон нэг тэрбумын дэмжлэг
Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Амарсайхан 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдөр А/843 дугаар захирамжаа гаргажээ. Энэхүү захирамжаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нэр бүхий 153 ажилтанд нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 938 сая төгрөг буюу нэг тэрбум орчим төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Захирамжийн он, сар хамгийн түрүүнд анхаарал татаж байгаа юм. 2020 оны зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан, 22-нд буюу захирамж гарсан өдөр сонгуулийн сурталчилгаа өндөрлөсөн. Тодорхой хэлбэл, ард нийт УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр үймж, анхаарал сарнисан үеийг чадамгай ашиглан Засаг дарга асан маань захирамж гарган, мөр зэрэгцэн ажилласан албан хаагчдадаа дэмжлэг үзүүлсэн болж таарав.
Удаад, анхаарал татаж байгаа асуудал нь тэрээр өөрийн орлогч, тэдний туслах, өөрийн туслах, жолооч, мөн өөрийн зөвлөхүүддээ дэмжлэг үзүүлэхдээ гар татсангүй.
Цар тахлын үед иргэдийн хандиваар цугларсан мөнгөнөөс С.Амарсайхан дарга “атгаж аваад”, Нийслэлийн 21 албан тушаалтнуудад сая, сая төгрөгийн урамшуулал хуваарилсан дуулиан 2020 оны есдүгээр сард дэгдэж байсан. Коронаг дараарай гэж иргэдийн сайхан сэтгэлээр өгсөн мөнгөнөөс Ж.Батбаясгалан, Т.Гантөмөр, Ц.Уртнасан нар авахаасаа ичээгүй шигээ энэ удаад 20,20 сая төгрөг авахдаа өчүүхэн ч санаа зовоогүй бололтой. Уг нь тэд ийм урамшуулал авахааргүй орлоготой хүмүүс. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан жилийн 103 сая, УБ хотын менежер Т.Гантөмөр жилийн 107 сая төгрөгийн орлоготой хэмээн ХОМ дээрээ мэдээлсэн байдаг.
Энэ удаад Ж.Батбаясгалан нарын зургаан орлогч, УБ хотын менежер Т.Гантөмөр болон Тамгын газрын дарга Ц.Уртнасан нар тус бүр нь 20 сая төгрөг авсан төдийгүй, мөн өөрийн гурван зөвлөхдөө С.Амарсайхан дарга “хишиг” хүртээжээ. Өөрийн туслах Т.Азжаргалыг ч 10 саяар “урамшуулахаа” мартсангүй.
Гутгаарт, анхаарал татсан баримт нь С.Амарсайхан тухайн үед өөрийн нэр дэвшсэн тойрогт хамаарах Налайх, Багануур, Багахангай дүүргийн удирдлагуудад жинхэнэ нүнжигтэй цацжээ. Сонгуульд нь идэвх санаачилгатай ажилласан хэмээн олгосон уу гэдгийг АТГ шалгах шаардлагатай юм.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир /одоогийн УИХ-ын гишүүн/ нарт тус бүрт нь бусдаас хамгийн өндөр буюу 50 сая төгрөг хуваарилсан байна.
Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нараас С.Амарсайхан шиг төсвийн /угтаа татвар төлөгчдийн мөнгө/ хөрөнгийг хамтран зүтгэгчдэдээ Богдын хишиг лугаа адил тарааж байсныг монголын ард түмэн санахгүй байх. Энэхүү ёс суртахуунгүй үйлдлийн талаар МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нар дуулсан болов уу?! Албан тушаал, эрх мэдлээ ашиглан үйлдсэн энэхүү хэргийг АТГ, ЦЕГ олж мэдсэн болов уу?
Үгүй л бололтой. Иймдээ энэхүү баримт өнөөдөр олноо ил болж байна. Энэ нь эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх хэмжээний үйлдэл биш гэж үү?!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.