Улсын начин Э.Энхбат 47 мянган ам.долларын тусгай үүргийн нислэгээр БНСУ-ыг зорьжээ
Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат өөрийн дотны найз Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулж, хүнд бэртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүний эмчилгээг эрчимжүүлэхийн тулд гадаадад эмчилгээ хийлгэхээр болжээ. Ар гэрийнхэн нь БНСУ-ыг сонгосон тул тэрбээр өнөөдөр эхнэр н.Нандинцэцэг болон эмчлэгч хоёр эмчийн хамтаар "Хүннү эйр" компанийн тусгай үүргийн нислэгээр тус улсыг зорьжээ.
Түүний эмчилгээний зардал нь ойролцоогоор 500 орчим сая төгрөг болно гэсэн тооцоо гарч, ард иргэдээсээ хандив цуглуулах тухай асуудал саяхнаас яригдаж эхэлсэн. Гэвч нутгийн бөхчүүдийн гаргасан санаачилгыг ар гэрийнхнийх нь зүгээс төдийлөн дэмжээгүй гэх мэдээлэл байна.
Э.Энхбат нарын зорчсон тусгай үүргийн нислэг нь гадны зорчигч аваагүй, зөвхөн өвчтөн болон ар гэрийнхнийг нь зөөвөрлөжээ. Нислэгийн зардал 47 000 ам.доллар бөгөөд энэхүү төлбөрийг УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийн хүүхдүүд төлсөн гэх мэдээлэл манай редакцид ирлээ. Мөн түүний БНСУ-д эмчлүүлэхэд өдөрт гарах зардал нь 5 000 000 орчим төгрөг болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Энэхүү зардлыг хэн төлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан олдсонгүй.
Олон нийтийн зүгээс багынхаа найзыг зодож зэрэмдэглэсэн Н.Түвшинбаяраар эмчилгээний бүх зардлыг төлүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавьсаар байгаа. МУГТ Н.Түвшинбаяр ямар хэмжээний хөрөнгө мөнгөтэй талаарх баримтыг /ЭНД дарж үзнэ үү/ манайх өмнөх мэдээллээр мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.