Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Ж.Энхбаяр төрийн албыг төрлийн алба болгожээ
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргаар өнгөрсөн намар томилогдсон Ж.Энхбаяр гэх малчин төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халж солих ажлыг баруун солгойгүй хийж буй талаар бид өмнө мэдээлсэн.
Уг мэдээлэл гарсны дараа Засаг дарга Ж.Энхбаяр төрийн албыг төрлийн алба болгож байгааг нотолсон маш ноцтой баримт мэдээллийг Хөхморьт сумын иргэдээс манай редакцид ирүүллээ.
Хөхморьт сум дахь хууль бус томилгоонууд
Засаг дарга Ж.Энхбаяр сумынхаа Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Баярмааг хууль бусаар халсан нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон атал Л.Баярмааг одоог хүртэл ажилд нь эргүүлэн томилохгүй байгаа аж. Тэр бүү хэл Л.Баярмаагийн ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмжийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу буруутай этгээд болох Ж.Энхбаяр төлөх ёстой атал төлөхгүй хэмээн гүрийж ямар нэгэн аргаар Эрүүл мэндийн төвийн төсвөөс гарга хэмээн одоогийн дарга өөрийн намын хүн н.Баярцэцэгт үүрэг болгосон байна.
Багийн Засаг дарга, ИНХ-ын даргын сонгуулийг нууцаар зохион байгуулсан нь
Багийн засаг дарга, БИНХ-ын даргын сонгуулийг 2021.02.22-ны өдөр гэнэт товлож 5 багийн сонгуулийг сумын төв дээр нэгэн зэрэг зохион байгуулсан нь Хөхморьт сумын ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон. Учир нь: Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Даваадорж, Д.Наранбадрах, сумын АН-ын дарга И.Гантулга нар урьдчилан хагас бүтэн сайн өдрүүдэд сумд ирж ажиллан өөрийн намын хүмүүсдээ чиглэл өгч хөдөөгүүр явуулан 02.22-ны өдөр намын хүмүүсээ машинаар тээвэрлэн зөөж саналыг нь өгүүлсэн хэмээн эх сурвалж хэлж байна.
Тухайн сонгуулийг тэр үед ажиллаж байсан багийн засаг дарга, ИНХ-ын дарга, ард иргэд, малчдын ихэнх нь мэдэлгүй өнгөрчээ.
Дипломын боловсролтой бага ангийн багшийг сургуулийн захирлаар томилов
Сумын засаг дарга Ж.Энхбаяр нь сургуулийн захирал Э.Пүрэвдавгыг хамтарч ажиллахгүй хэмээн ажлаас нь халж оронд нь дипломын боловсролтой бага ангийн багш Данийловын Наранцаралтыг 2021.04.01-ны өдөр томилсон байдаг.
Данийловын Наранцацралт нь 2020 оны орон нутгийн сонгуульд АН-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Данийловын Наранбадрахын төрсөн эгч. Аав Л.Данийлов нь сумын ИТХ-ын төлөөлөгч. Нөхөр Ү.Баянмөнх нь сумын ИТХ-ын төлөөлөгч хууль бус багийн сонгуулиар ямарч өрсөлдөгчтгүй ганцаараа нэр дэвшиж багийн засаг дарга болсон хүмүүс аж. Нэг гэр бүлийн хүмүүс төрийн албанд бөөнөөр шургалж төрийн албыг төрлийн алба болгосон тохиолдол монгол Улсад үүнээс өөр хаана ч байхгүй байх хэмээн эх сурвалж хэллээ.
Мэргэжил боловсролгүй хүнийг мэргэжилтнээр ажилд авчээ
Хөхморьт сумын ЗДТГ-ын дарга Б.Батбаатар нь 2021.12.08-ны өдөр тамгын газрын хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтнээр Д.Эрдэнэчимэгийг томилсон байдаг.
Д.Эрдэнэчимэг нь мэргэжлийн бус 10 жил төгсөөгүй, дээд боловсрол эзэмшээгүй, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч аймгийн ИНХ-ын дарга Д.Даваадоржийн бэр дүү нь юм.
Ня-бо мэргэжилтэй хүнийг бэлчээр хариуцсан мэргэжилтэн болгожээ
Мөн ЗДТГ-ын дарга Б.Батбаатар нь 2021.01.08-ны өдөр тамгын газрын бэлчээр газар тариалан эрхэлсэн мэргэжилтэнээр Ш.Нандин-Эрдэнийг томилсон байдаг.
Уг хүн нь бас л мэргэжлийн бус НЯ-БО мэргэжилтэй, сумын ИТХ-ын төлөөлөгч юм. Гэх мэт хууль бус үйлдлүүд Хөхморьт сумд газар авч байгааг тул Засаг дарга Ж.Энхбаярт хуулийн хатуу хариуцлага тооцохыг тус сумын иргэд хүсэж буйгаа хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.