МАНАЙ НИЙТЛЭЛИЙН МӨРӨӨР: Нэгдүгээр эмнэлгийн эмчид хариуцлага тооцож, хохирогчийн төлбөрийг буцаан олгожээ
Нэгдүгээр эмнэлгийн эмч Б.Б нь “Булган аймгаас хөлийн судасны бөглөрөл, яаралтай мэс засал” гэсэн заалттайгаар 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд Нэгдүгээр төв эмнэлэгт ирсэн Б.Батжаргалаас “Хөлтэйгээ үлдмээр байвал энэ дансанд 2,100,000 төгрөгийг яаралтай шилжүүл” хэмээн Хаан банкинд дахь хувийн харилцах дансандаа тухайн мөнгийг авсан атлаа эмнэлгийн тусламж үзүүлэлгүй хохироосон асуудлыг бид өмнө мэдээлсэн.
Уг мэдээллийн мөрөөр Нэгдүгээр эмнэлгийн чанарын албанаас шалгалт явуулахад тус эмнэлгийн эмч Б.Б нь “Иргэн Б.Батжаргалд хийх ёстой эмчилгээг хийгээгүй” болох нь тогтоогджээ. Иймд тус эмчид ажлаас халах хүртэлх сахилгын арга хэмжээг авч, Булган аймгийн иргэн Б.Батжаргалыг хохиролгүй болгохоо Нэгдүгээр эмнэлгийн дарга Н.Лхаж тухайн үед илэрхийлсэн юм.
Бидэнд гомдол мэдээлэл ирүүлсэн Булган аймгийн иргэн Б.Батжаргалын ар гэрийнхэнтэй утсаар холбогдож, Нэгдүгээр эмнэлгийн эмч Б.Б-ы учруулсан хохирлыг барагдуулсан эсэхийг тодруулахад “Өнгөрсөн баасан гарагт Нэгдүгээр эмнэлгийн эмч Б.Б-ийн хувийн данс руу шилжүүлсэн төлбөрийг бидэнд буцаан олгосон. Маш их баярлалаа” гэх хариуг өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.