Б.Түвшинжаргал: Хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй бичиж, олгоно

ЭМД-аас авах эмийн нөхцөл илүү боломжтой болжээ. Энэ талаар бид ЭМДЕГ-ын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас тодрууллаа.

-ЭМД-аас авах эмээ хүссэн газраасаа авах боломжтой юу?

-2020-11-01-ны өдрөөс эхлэн мөрдөх шинэчилсэн жагсаалт гарсан. Даатгуулагч иргэн бүх шатлалын эмнэлгийн амбулаторийн эмчээр эмээ бичүүлж авна. Өмнө нь зөвхөн өрхийн эмчээрээ бичүүлдэг байсан. Одоо бол 1,2,3-р эмнэлэг, төрөх, халдварт, дүүргийн эмнэлгээс авна гэсэн үг. Зөвхөн түргэний эмч л хөнгөлөлттэй эмийн жор бичихгүй.

-Өөрөөр хэлбэл тухайн иргэн хөдөө орон нутагт ажлаар явж байхдаа ч шаардлагатай бол очсон газрынхаа эмчээр хөнгөлөлттэй эм бичүүлж болно гэсэн үг үү?

-Бүрэн боломжтой. Өвчний улмаас тухайн явсан газрынхаа эмчээр жороо бичүүлээд тухайн сумынхаа эмнэлгээс эмээ авна. ЭМД-тай гэрээ хийсэн эмийн сангаас авна.

-Оочер дараалал яах вэ?

-11-р сарын 01-ээс өмнө тухайн эмийн сангуудад өөрийн гэсэн төсөв байсан. Төсөв дууссахаас өмнө амжиж эмээ авахын тулд сар бүрийн эхний долоо хоногт оочер дараалал үүсдэг байсан. Одоо бүх эмийн сангуудаар өдөр бүр, сарын турш үйлчлүүлнэ. Төсөв дуусахгүй.

-Хурууны хээ уншихгүй байх хүндрэл гардаг байсан?

-ЭМДЕГ эмийн зохистой хэрэглээ буюу хэрэгтэй хүнд л шаардлагатай эм очдог байх асуудалд хяналт тавих үүднээс хурууны хээ уншуулах зохицуулалт хийсэн. Тухайн өрхийн эмнэлгээр дамжуулж даатгуулагч иргэний мэдээллийг авсан. Байнгын хяналтад байдаг, асаргаа шаардлагатай хүмүүсийн мэдээллийг авч ЭМЯ дээр нэгтгэсэн. Тэдгээр иргэдийг хурууны хээ уншуулах шаардлагагүйгээр жороо бичүүлэх боломжтой болгосон. 22 мянган хүний мэдээлэл ирсэн. Тэдгээр иргэд шууд регистрийн дугаараараа жороо бичүүлж авна. 71-ээс дээш насны иргэд автоматаар хурууны хээ уншуулахгүйгээр жороо бичүүлнэ. Зарим тохиолдолд хурууны хээ уншихгүй байгаа нь тухайн ЭМ-ийн байгууллагын интернэтийн хурд удаашрах, зарим иргэдийн хурууны хээ мөлийсний улмаас уншдаггүй байсан. Одоо бол 10 хурууны аль нь ч уншина. 

-Даатгалын жагсаалтад өөрийнх нь хэрэглэдэг эм ороогүй байна гэх гомдол гарсан. Эмийн жагсаалт шинэчлэгдсэн үү?

-Хямдралын хувь нь 30,50,70 гэсэн хувиар бүгд хямдарсан. Жагсаалтыг хийхдээ олон улсын эмнэл зүйн ангилалд тулгуурлаж /өвчний онош дээр тулгуурлах/ хийсэн учраас тухайн даатгуулагч иргэний хувьд эмчийн онош дээр үндэслэж тоо ширхэг, тун хэмжээ, уух хоног нь гардаг. Зарим нэг эм хасагдсан байх магадлалтай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.