СОНГУУЛИЙН АЗ ОД НЬ “ХАЯСАН” НЭР ДЭВШИГЧИД

УИХ, ИТХ-ын сонгуулийг алгасахгүй нэр дэвшиж, асар их хөрөнгө мөнгөө зарцуулсан атлаа ялалт байгуулж чаддаггүй, ард түмний итгэл сэтгэлийг хүлээх хувь дутсан, сонгуулийн аз од нь “хаясан” нэр дэвшигчдийг та бүхэндээ танилцуулж байна.

shugar

Энхбаярын БАТШУГАР

Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрсөн хүү Э.Батшугар гэх өндөр боловсролтой, хөрөнгө чинээтэй, царайлаг залуу 2012, 2016, 2020 оны УИХ-ын сонгууль, 2020 оны ИТХ-ын сонгуульд нэр дэвшээд бүгдэд нь бүдрээд байна. Тэрбээр яагаад гэдгийг мэдэхгүй ч Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол давамгайлсан тойрогт нэр дэвшиж, тухай бүрдээ асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг боловч ямагт ялагдсаар ирсэн нь сонин. Э.Батшугар 2012 оны УИХ-ын сонгуульд аавынхаа нэр нөлөөгөөр жагсаалтын тавд бичигдэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон боловч цэргийн алба хаагаагүй гэх үндэслэлээр нэр дэвшигчийн жагсаалтаас эгүүлэн татаж байв.

unnamed

Элбэгдоржийн ЭРДЭНЭ

Эцгийнхээ шийрийг хатааж, энэ улсын төлөө эрдэм мэдлэг, ид хаваа зориулна хэмээн тангараг өргөсөн цэрэг эр бол Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн хүү Э.Эрдэнэ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн нүүрийг гараараа хаасан (эцгийг нь доромжилсны хариу болгож) зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, анх олны хараанд өртөж байсан бөгөөд улмаар 2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшин сонгогдож, улстөрийн карьераа амжилттай эхлүүлж байсан юм. Гэвч өчигдөр болсон нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Баянзүрхийн иргэд түүнд дахин итгэл хүлээлгэсэнгүй. Өнгөрсөн дөрвөн жил гишүүд сонгогчидтойгоо эргэх холбоогүй ажилласан нь түүнийг ялагдалд хөтөлжээ.

о бум ялагч

Олзодын БУМ-ЯЛАГЧ

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч гуай 2000 оноос хойш болсон УИХ, ИТХ-ын нэг ч сонгуулийг алгасалгүй нэр дэвшсэн атлаа сонгогдож үзээгүй цорын ганц хүн байх. Тэрбээр ялахгүй гэдгээ мэддэг учраас ч тэрүү сонин сэтгүүл хэвлүүлэх, боршур материал тараах зэрэг хөрөнгө мөнгө зарсан сурталчилгааг огт хийдэггүй. Орон сууцны буланд ёсыг бодож өөрийнхөө зурагтай ганц нэгхэн самбарыг л тавьдаг бөгөөд зөөврийн чанга яригчаа чирж, энд тэнд цөөвтөр хүнтэй яриа өрнүүлсхийн сонгуулийн сурталчилгаагаа хийдэг юм. Хэдийгээр О.Бум-Ялагч дарга өөрөө сонгуульд ялалт байгуулж үзээгүй хэдий ч түүний намаас нэр дэвшсэн тэмцэгч Б.Жагар энэ жилийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулаад байгаа юм.

header image tjHZgmt

Бадрахын НАЙДАЛАА

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа 2020 оны УИХ, ИТХ-ын сонгуульд дараалан өвдөг шороодсон тул сонгуулийн аз одгүй нэгнээр нэрлэгдээд байна. Өндөр боловсролтой, зөв яриа, царай төрхтэй энэ хүн сонгууль бүрд асар олон хүний санал авдаг атлаа яагаад ч юм сонгогдож чаддаггүй нь хачирхалтай. Ямар сайндаа түүнд удаа дараа саналаа өгсөн нэг сонгогч “Б.Найдалаа ёстой явахгүй юм аа. Танигдаагүй бас өөрийн гэсэн онцлоггүй хүн юм” хэмээн жиргэсэн нь тренд болох вэ дээ. Гэхдээ тэрбээр ялалт байгуулж чадаагүй ч түүний удирдсан ХҮН нам УИХ-д 1, НИТХ-д 3 төлөөлөгчтэй болоод байгаа нь ирээдүйтэй улстөрч болохыг нь харуулдаг юм.

domborol

“Болдийн” ДЭМБЭРЭЛ

Баянзүрх дүүргийн иргэдийг тэнэг, мангар хэмээн басамжилсан үйлдлийг удаа дараа гаргаж, олон нийтийн дунд хэрүүлийн үр тарьдаг байсан МАН-аас нэр дэвшигч Болд овогтой Дэмбэрэл гэгч Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн аль алинаас нь мултрав. Тэрбээр 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараа Гандантэгчинлин хийдэд хүүхдийн ном хуруулж, сонгуулийн сурталчилгааны самбартаа эцгийнхээ нэрийг зориудаар буруу бичин хэвлүүлэх зэрэг үйлдлийг зориудаар хийж, бага зардлаар ихээхэн танигдсан нь ийнхүү өөрийг нь ялагдалд хөтөлсөн байна. Түүний энэхүү үйлдэл дургүйцсэн Баянзүрх дүүргийн сонгогчид Болдийн ДОМБОРОЛ хэмээн хочилж, эсэргүүцлээ илэрхийлж байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.