ВИДЕО: Согтуугаар жолоо барин, хүний аминд хүрсэн Михаил Ефремов найман жилийн хорих ял сонсжээ
ОХУ-ын нэрт жүжигчин Михаил Ефремовын өнгөрсөн зургадугаар сард согтуугаар жолоо барьж, зам тээврийн онц ноцтой осол гарган, нэг эрэгтэйн аминд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Москвагийн Пресненский дүүргийн шүүхээс түүнийг хүний амь нас эрсдүүлсэн зам тээврийн ослын хэрэгт буруутай гэж үзэн, найман жилийн хорих ялаар шийтгэжээ. Ерөнхий шүүгч Елена Абрамова "Жирийн дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял оноосон" хэмээн шүүхийн шийдвэрийг албан ёсоор танилцуулсан байна.
Жүжигчнийг шүүх танхимаас шууд цагдан хорихоор авч явсан юм. Үүнээс өмнө тэрээр гэрийн хорионд байсан билээ. Түүнчлэн Прокуророос Ефремовт 11 жилийн хорих ял оноохыг хүсэж байсан аж. Харин түүний өмгөөлөгч Эльман Пашаев өөрийн үйлчлүүлэгчийг өршөөл үзүүлэхийг гуйсан өргөдөл бичих талаар огт бодохгүй байгаа бөгөөд өөрийгөө хөнгөн шийтгэл авна гэж хүлээхгүй байгааг мэдэгджээ.
Ослын дараа албаныхан Михаил Ефремовт сэтгэлзүйн шинжилгээ хийн, түүнийг хууль бус бодисуудыг удаа дараа, тогтмол хэрэглэдэг гэж тогтоосон юм. Харин Ефремов анх наймдугаар сарын 31-ний өдөр албан ёсны мэдүүлэг өгөхдөө өөрийгөө мансууруулах бодис огт хэрэглэдэггүй бөгөөд түүний биеэс илэрсэн бодисууд ямар учиртай болохыг ойлгохгүй байна хэмээн мэдэгдсэн аж.
Гэхдээ жүжигчин өөрийгөө осол болсон өдөр нэг шил архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Дараагаар нь шүүх талуудаас ирүүлсэн хэргийн нотлох баримтуудыг шалгаж дууссан бөгөөд уг шүүх хуралдаанд 20 орчим хүн гэрчээр оролцжээ.
Эх сурвалж: iz.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.