УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо яг одоо Төрийн ордны Г танхимд хуралдаж байна. Уг хуралдаан 14.00 цагт товлогдсон ч ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Тус хуралдаанаар Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэж байна.
Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Г" танхимд ирсэн. Тэрбээр, УИХ-ын гишүүдийн асуудлаар УИХ шийдвэрээ гаргах байх. Шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. УИХ-ын гишүүнийг шалгахад халдашгүй эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Яг одоо нэр пурдагдсан дөрвөн гишүүнийг нэг нэгээр нь хуралдаан руу оруулан нэмэлт мэдээлэл авч байгаа юм.
Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Энхболд "Г" танхимаас гарч ирлээ.
Тэрбээр: "ЖДҮХС-аас зээл авсан гэж надтай холбоод байгаа компани миний охины компани биш" гэж хэлсэн юм.
Харин дараа нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гарч ирлээ.
Тэрбээр: "Намайг өмнө нь АТГ- аас гэрчээр дуудаж байцаачихаад өнөөдөр яллагдагч гэж байна" гэсэн юм.
Яг одоо УИХ-ын гишүүн Б.Ундармаа Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд оролцож байна. Харин Г.Солтан гишүүн ирээгүй байна.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, гишүүдэд нь Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар буюу УИХ-ын хамгийн ахмад гишүүд багтдаг юм.