🔴Б.Баярбаатар: Эйпштэйний сонсголоор Монгол Улсад хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт хангалтгүй байсныг илчиллээ
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар өчигдөр /2026.10.07/ зохион байгуулагдсан УИХ-ын хяналтын нээлттэй сонсголын үр дүн, хөндөгдсөн асуудлууд болон цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр парламентын үндсэн чиг үүрэг буюу хяналт шалгалт хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд гаднын иргэнтэй холбогдсон асуудал болон Монгол Улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн нэр дурдагдсан нээлттэй сонсголыг зохион байгуулсныг онцлоод, уг сонсголоор үндсэн гурван асуудалд төвлөрсөн болохыг тодотгов.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Өнгөрсөн цаг хугацаанд Монгол Улсад хүүхэд хамгааллын бодлого, охид эмэгтэйчүүдийн хамгааллын асуудал хэр хангалттай байсныг өчигдрийн сонсголоор авч үзлээ. Төрийн захиргааны байгууллагууд нь өөрсдийн өгсөн хариултаараа энэ асуудал хангалтгүй байсныг нотоллоо. Төрийн байгууллагуудын хооронд ажлын уялдаа холбоо огт байдаггүй юм байна. Тухайлбал, асрамжийн газрын дарга зөвхөн А4-ийн цаасан дээр тушаал гаргаад л 20 гаруй хүүхдийг шууд бусдад шилжүүлэн өгч явуулсан нь өөрөө маш том хууль бус үйлдэл.
Асрамжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Болор сан"-д бүтэн өнчин 25-26 хүүхдийг шилжүүлж өгсөн ноцтой асуудал гарсан байна. Тэгээд хожим нь буюу 2011 онд нөхөж нэг жилийн хугацаатай асрамжийн зөвшөөрөл авсан байх жишээтэй.
Оюутолгойтой холбоотой, ялангуяа 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээгээр Монгол Улсын ногдол ашиг авах хугацааг 2039 он хүртэл хойшлуулж, Оюутолгойн ашиглалтын лицензийг олон улсын банкинд барьцаалан зээл авах эрхийг олгосон байдаг. Үүний улмаас өнөөдөр монголчууд өдөрт 10-15 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн өрөнд орж байгаа бодит хохирол амсаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний зөвлөх байсан, өдгөө АНУ-ын иргэн болсон н.Ганбат гэх хүнтэй холбоотой захидал харилцаанууд ил болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн нөлөөлж, дэмжлэг авч байсан талаарх мэдээллүүд дурдагдсан. Монгол төрийн маш нууцын зэрэглэлтэй бичиг Америк руу илгээгдэж, өнөөдөр АНУ-ын шүүхийн цахим хуудсанд ил тавигдсан байна. Энэ нь төрийн дархлаа, төрийн хар хайрцгийн бодлого алдагдсаныг харуулж байна. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн шийдвэрээр гаднын хувийн мөрдөх, тагнах байгууллагыг хөлсөлж, тухайн үеийн Ерөнхий прокурортой гэрээ байгуулан бүрэн эрх нь хэрэгжиж байсан нэр бүхий улстөрчдийг мөрдөж чагнасан гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь тодорхой болсон.
Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа гэдэг хүнээс ирсэн албан бичиг байгаа юм. "Хүүхдүүдтэй уулзахад хамт байлцана уу" гэсэн утгатай өргөдөл байсан. Би уг бичигт ямар нэгэн хариу өгөөгүй. Хэрвээ тэр хүүхдүүд үнэхээр эрүүл саруул, сайн сайхан байгаа бол олон нийтэд нээлттэй мэдээлж, ямар мэргэжил эзэмшин хаана ажиллаж байгааг нь харуулах хэрэгтэй. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр тэр хүүхдүүдийн 50 хувь нь ердөө бага боловсрол л эзэмшсэн байсан. Түүнчлэн үрчилж авсан гэхэд овог нь солигдоогүй, бүгд өөр өөр овогтой хэвээрээ байна. Мөн хүүхдүүд нэг дүүрэг, нийслэл дотор бус хаа байсан Увс аймаг хүртэл тархан суурьшсан байсан нь хуулийн дагуу үрчлэлт явагдаагүйг харуулж байна.
Сонсголд эрдэмтэд, судлаачид, профессорууд оролцсон нь сайшаалтай боловч зориудаар буруу өнцөг гаргаж, сэдэв сарниулах зорилготой хүмүүс ч орж ирсэн. Хяналтын сонсголын дүрмээр надад гэрчээр хүн албадан дуудах эрх байхгүй. Хэрэв би дур мэдэн оруулбал өөрөө Дэгийн хууль болон Хяналт шалгалтын хуулийг зөрчих болно. Тухайн хүн 14 хоногийн хугацаанд дэлхийн аль ч цэгээс цахимаар бүртгүүлээд сонсголд биечлэн оролцох эрх нь бүрэн нээлттэй байсан. Би өчигдөр өөртэй нь биечлэн уулзаж хуулийн нөхцөл байдлыг тайлбарлахад ойлгож хүлээн авсан. Цаашид Хянан шалгах түр хороо байгуулагдвал албан ёсоор дуудах болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.