🔴Н.Номтойбаяр: Хууль бус ан хийж, зөвшөөрөл дамлан худалдах зөрчил гаргавал Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэнэ

AI хөрвүүлсэн
🔴Н.Номтойбаяр: Хууль бус ан хийж, зөвшөөрөл дамлан худалдах зөрчил гаргавал Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Улсын онцгой комиссын (УОК) ээлжит III хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр:

-УОК-ын өмнөх хуралдаанаар ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хил, гаалийн байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгөөд байсан. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооны алба болон Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс албан ёсны хариу ирүүлсэн. 

Дүгнэлтээр, өвчилсөн иргэдээс коронавируст халдвар (COVID-19)-ын хоёр, риновирусийн хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний үүсгэгч илрээгүй болох нь тогтоогджээ. 

Тарваган тахлын аюул байхгүй нь тогтоогдсон учраас УОК-оос зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч болзошгүй эрсдэлд бэлэн байх улсын бэлтгэл хангалтгүй байгаа.

Бэлэн байдлыг цуцаллаа гээд бүх зүйлээ мартаж, тайвширна гэсэн үг биш. Биокомбинат, хүнсний аюулгүй байдлыг хангах лабораториуд, гааль, хяналтын байгууллагуудын бүтэц, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. 

Өвөлжилтын бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд нэн яаралтай хэрэгжүүлэх 205 арга хэмжээний явцын мэдээллийг холбогдох яамдаас авч, үүрэг чиглэл өгсөн. Хэд хэдэн аймгийн дулаан болон эрчим хүчний тулгамдсан асуудлууд шийдэгдэж байгаа. 

Хүрэн баавгай хот, суурин газарт ойртож, иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буйтай холбогдуулан Засгийн газрын тогтоол гарсан. Байгаль орчны яам болон Экологийн цагдаагийн албаны мэдээллээр одоогоор баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 557 тохиолдол бүртгэгдэж, зайлшгүй шаардлагаар есөн баавгайг устгалд оруулсан. 

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах, Амьтны тухай хуулийн 7.5, 35.3.3 дахь заалт, Хил хамгаалах тухай хууль болон Эрүүгийн хуулийн 4.1 дэх хэсэгт заасан "Аргагүй хамгаалалт"-ын зохицуулалтыг бодит амьдрал дээр тодорхой болгох үүрэг өгөгдсөн. 

Айл бүрийн гадаа цагдаа, онцгой байдал, байгаль орчны байцаагч ажиллуулах боломжгүй тул иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын шийдвэрийг далимдуулан өөр байршилд хууль бусаар ан хийх, зөвшөөрөл дамлан худалдах зөрчил гарвал Эрүүгийн хуулиар хатуу хариуцлага тооцно. 

Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Зүүн бүсэд гарсан хээрийн түймрийг унтраахаар 103 албан хаагч ажиллаж байна. 

Мал сүрэг болон зэрлэг ан амьтныг технологид суурилсан аргаар бүрэн тоолж, дүгнэлт гаргах шаардлага үүссэн. Мал тооллого нь зөвхөн тоо гаргах асуудал биш, эдийн засгийн бодлогыг тодорхойлно. Мал бол хувь хүний өмч тул малчид өөрсдөө хариуцлагатай байх учиртай. Хариуцлагагүйгээс үүдсэн асуудал бүрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхгүй. Иймд хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. 

"Биокомбинат" ТӨХХК-ийн тоног төхөөрөмжийн 54.3 хувь нь ашиглах боломжгүй болсон ч тус үйлдвэрт 146 нэр төрлийн вакцин үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрлэлийг өргөжүүлэх үүднээс Засгийн газраас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн бөгөөд үүгээр 6000 орчим литр буюу 1.5 сая тун вакцин (ямааны сохор/гадар өвчний эсрэг) үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Халдварт өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн олговрыг зах зээлийн үнэлгээний 90 хувиар тооцон олгодог хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд УОК болон Засгийн газрын шийдвэрээр 6.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэн олгоод байна. Гэхдээ зарим үүлдрийн малын үнэ ханш өндөр (10-15 сая төгрөг) байдаг тул бүх малыг устгалд оруулахаас илүүтэй урьдчилан сэргийлж, вакцинжуулах нь төрийн гол бодлого болохыг санууллаа. Мөн нөхөн олговрыг Мал эмнэлгийн газрын албан ёсны хяналт, акт баримтыг үндэслэн олгож байгаа. Устгасан малын тоо толгойг хуурамчаар өсгөж мөнгө авах зөрчлөөс урьдчилан сэргийлж, чанд хяналт тавьж ажиллаж байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.