Говь-Алтайн ИТХ-ын дарга Л.Насанбуян нарын хэргийг шүүхэд шилжүүлэв

Говь-Алтайн ИТХ-ын дарга Л.Насанбуян нарын хэргийг шүүхэд шилжүүлэв

Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян тэргүүтэй хүмүүсийн холбогдсон албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр тус аймгийн Цогт сумын Засаг даргаар 2016-2020, 2021-2024 онд ажилласан нэгэн. Эхний бүрэн эрхийн жилүүддээ Засаг даргын орлогч Т.Сүхбаатар, Тамгын газрын дарга Д.Эрхэмбаяр, ерөнхий нягтлан бодогч Ц.Алтанзагас нартай хамтран төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэлд холбогдсон аж.

Тодруулбал, 2016 онд хортон мэрэгч устгах 15 сая төгрөгийн санхүүжилтээс 11 саяыг нь зориулалт бусаар зарцуулсан хэмээн буруутгагдаж буй гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр үлийн цагаан оготно устгахад зориулж төсөвлөсөн мөнгийг орон нутагт тохиосон гамшигт үзэгдлийн хохирлыг арилгахад зарцуулж, улмаар тухайн санхүүжилт орж ирэхэд нь буцаагаад дансанд нь шилжүүлсэн гэдэг.

Үүнээс гадна Л.Насанбуянг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн журмыг зөрчиж, өөртөө 3.2 сая төгрөгийн давуу байдал бий болгосон хэмээн яллагдагчаар тооцсон байна. Газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаггүй, хэрэгжүүлэх төсөлд материал ирүүлээгүй хүний нэр дээр 2021 онд 40 сая төгрөг олгуулж, түүнийг нь өөртөө авч эдийн засгийн давуу байдал бий болгосон, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнийн санал, ур чадварын мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдэж, түүнийгээ хууль сахиулагчид гаргаж өгсөн хэрэгт холбогджээ.

НПГ-аас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 22.1-1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.8-1 дэх хэсгийн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, 21.1-1 дэх хэсгийн нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.