Японы шар айраг үйлдвэрлэгч дөрвөн томоохон компанийг картел үүсгэсэн хэргээр шалгаж байна
Японы Шударга худалдааны комисс тус улсын шар айрагны зах зээлийг тэргүүлэгч “Asahi”, “Kirin”, “Suntory”, “Sapporo” компаниуд болон тэдгээрийн салбарын холбооны төв байранд хууль бусаар үнэ тохиролцсон, картель үүсгэсэн хэрэгт сэжиглэн нэгэн зэрэг албадан нэгжлэг хийлээ.
Шүүхийн зөвшөөрөлтэй хийсэн уг шалгалт нь тус улсын хүнс, ундааны салбарт үнэ тохиролцсон хэрэгт эрүүгийн хариуцлага тооцохоор явуулж буй анхны томоохон мөрдөн шалгах ажиллагаа болж байна. Нэгжлэгт өртсөн дөрвөн компани нь дотоодын нийт шар айраг болон түүнтэй төст ундааны зах зээлийн 90 гаруй хувийг дангаар хянадаг бөгөөд уг салбарын жилийн эргэлт 1 их наяд иенээс хол давдаг юм.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр үйлдвэрлэгчид Монополын эсрэг хуулийг зөрчиж, шар айраг, соёолж багатай шар айраг болон гуравдагч ангиллын төст ундааны бөөний үнийг нэмэх хугацаа, хэмжээг хэдэн жилийн турш харилцан тохиролцсон байж болзошгүй байна.
Үйлдвэрүүд тээвэр логистик, түүхий эдийн зардал өссөн шалтгаанаар халхавчлан бүтээгдэхүүний үнийг нэгэн зэрэг өсгөж, улмаар жижиглэнгийн үнэд хэдээс хэдэн арван иений дарамт үүсгэсэн гэж үзэж байна. Японы шар айраг үйлдвэрлэгчдийн холбооны сар бүрийн эхний пүрэв гаргийн уулзалтын үеэр компаниудын борлуулалтын удирдлагууд нууцаар уулзаж бөөний үнийн түвшнийг тогтоодог байсан гэх мэдээлэл гарсан тул салбарын холбооны байранд ч мөн нэгжлэг явуулсан байна.
Хэрэг явдал ил болсны дараа сэжиглэгдэж буй компаниуд албан ёсны тайлбар хийж, мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллахаа мэдэгдэв. Тухайлбал, “Kirin Holdings” асуудлыг туйлын нухацтай авч үзэж байгаагаа дурдсан бол “Suntory” үүссэн нөхцөл байдалд хүлцэл өчжээ. Нэгжлэг хийсэн мэдээ зах зээлд цацагдмагц Токиогийн хөрөнгийн бирж дээр “Sapporo”-ийн хувьцаа 3.7 хувиар, “Kirin” 3 хувиар, “Asahi Group Holdings” 2.5 хувиар огцом унасан байна.
Шударга худалдааны комисс хураан авсан бичиг баримтуудыг нарийвчлан шинжилж, холбогдох ажилтнуудыг байцаасны үндсэн дээр прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэх гомдол гаргах эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөж байна. Хэрэв хууль бус картель байгуулсан нь нотлогдвол эдгээр компаниудад зөрчлийг таслан зогсоох даалгавар өгөхөөс гадна картелийн хугацаанд олсон орлогын дүнгээс тооцож их хэмжээний санхүүгийн торгууль ногдуулах эрсдэлтэй байна.
Эх сурвалж:
•
• qz.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.