Дүүжин зам тээвэр төсөл ашиглалтад орсноор Яармагаас Хархорин чиглэлийг 11 минутын хугацаанд туулна
Дүүжин замын тээврийг Яармаг – Хархорин чиглэлд барих болсон нь Хархорин болон Яармаг орчмыг хооронд нь холбосон шууд авто зам байхгүйгээс иргэд Гурвалжингийн гүүр, Яармагийн гүүр, эсвэл Сонсголонгийн гүүрээр тойрч зорчих шаардлагатай болдог. Үүний улмаас иргэдийн зорчих хугацаа уртасч, ялангуяа оргил ачааллын үед 2–3 цаг, зарим тохиолдолд түүнээс ч илүү хугацааг түгжрэлд өнгөрүүлж байна.
Мөн Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлт бага шаарддаг бөгөөд энэхүү төслийг Барс-2, ТЭСО групп, “Улаанбаатар менежмент” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж болон трасст өртсөн айл өрхүүд дэмжсэний үндсэн дээр төслийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж байна.
Иймд Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй бөгөөд тус төсөл ашиглалтад орсноор Яармагаас Хархорин хүртэлх чиглэлийг ойролцоогоор 11 минутын хугацаанд туулах боломж бүрдэнэ. Тодруулбал, нэг кабин буюу бүхээг нь 10 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд ингэснээр богино хугацаанд олон зорчигчийг тогтмол, шуурхай тээвэрлэх боломжтой болох юм. Түүнчлэн дүүжин замын тээврийг ашиглалтад оруулснаар одоогийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс буурах судалгаа гарсан. Тухайлбал, Яармагийн гүүр орчимд өдөрт ойролцоогоор 1,000 зорчигч, Гурвалжингийн гүүр орчимд 600–700 зорчигч, Сонсголонгийн замын чиглэлд 300–400 зорчигч тус тус нийтийн тээврийн шинэ чиглэлд шилжих боломжтой хэмээн тооцоолсон. Иймд Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн төсөл нь иргэдийн зорчих хугацааг хэмнэх, хотын нийтийн тээврийн сүлжээг төрөлжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн шийдэл болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.