🔴Монсудар хэвлэлийн газраас нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэхээр болсон асуудлаар мэдээлэл хийж байна
🔴"Монсудар" хэвлэлийн газраас нэгдүгээр ангийн сурах бичгийг сайд, дарга нарт хамаарал бүхий компаниудаар хийлгэж, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хуралд "Монсудар" хэвлэлийн газрын удирдлага, сурах бичиг боловсруулагч, хуульч, уран бүтээлчид болон боловсролын салбарын ахмад багш, эрдэмтэд оролцож, салбарын хэмжээнд нүүрлэсэн тогтолцооны гажуудал, хууль зөрчсөн тендер шалгаруулалт, хиймэл оюунаар (AI) яаран боловсруулсан сурах бичгийн чанарын доройтлын талаар байр сууриа илэрхийллээ.
Р.Энхбат: Төрийн эрх мэдэл, мөнгө хоёр засаглахаар мэргэжлийн хүмүүс хэрэггүй болдог
"Монсудар" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, захирал Р.Энхбат хурлыг нээж хэлэхдээ: "Өнөөдөр ярьж буй асуудал нэг компанийн эрх ашгаас хальж, Монгол Улсын боловсролын тогтолцоо, үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдож байна. Монголд сонгууль, хурал цуглаан гээд бүх зүйлийг урьдчилан найруулж 'хайрцагладаг' жишиг тогтсон. Тендер ч мөн адил эхнээсээ хэнд өгөх, хэдий хэмжээний мөнгө хуваарилахаа тооцсон 'тавилттай' жүжиг болж хувирлаа. Төр өөрийн хийх ёсгүй ажлыг хийж эхлэхээр хайрцаг томорч, төсөв мөнгө нэмэгдэн, эрх мэдэл, санхүү хоёр засаглаж эхэлдэг. Ийм нөхцөлд жинхэнэ мэргэжлийн хүмүүсийн хэрэгцээ шаардлага байхгүй болдог байна.
Монгол Улсад бүртгэлтэй 120 орчим хэвлэлийн газар үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Боловсролын ерөнхий газрын дарга Т.Тамир болон салбарын яам 1 дүгээр ангийн сурах бичиг зохиох, хэвлэх тендерт УИХ-ын хоёр гишүүн, тэр дундаа сайд нарын хамаарал бүхий хоёр хэвлэх үйлдвэрийг шалгарууллаа. Хэвлэлийн газар гэдэг оюун санааны ундарга, агуулга боловсруулдаг мэргэжлийн байгууллага байдаг бол хэвлэх үйлдвэр бол зөвхөн хэвлэдэг техникийн газар юм. Хэвлэлийн газруудын дунд зарласан сонгон шалгаруулалтад хэвлэх үйлдвэрүүд орж ирээд бүх захиалгыг хамаад авчихлаа.
Манай хамт олон сүүлийн гурван жилийн турш нэгдүгээр ангийн сурах бичгийг Монголын боловсролын тогтолцоонд хувьсгал болохуйц хэмжээнд хүч, хөдөлмөрөө зарж боловсруулсан. Гэтэл ганцхан сарын дотор хиймэл оюунд даалгавар өгч, яаран сандран хийсэн төслийг тендерт ялуулав. Сурах бичиг гэдэг бол бэлэн мөнгө хийдэг бизнес биш. Боловсролын төсвийг жил бүр нэмдэг хэрнээ үр дүнг нь хэзээ ч тооцдоггүй. Салбарын сайд нь төсвөө нэмүүлээд л хамгийн сайн ажилласан дүр эсгэдэг энэ гаж тогтолцоог халах шаардлагатай. Бид энэ асуудлаар УИХ-д албан ёсоор бичиг хүргүүлнэ" гэв.
Хуульч: Тендер шалгаруулалт хууль зөрчсөн, ашиг сонирхлын илэрхий зөрчилтэй тул АТГ-т хандсан
"Монсудар" хэвлэлийн газрын өмгөөлөгч, хуульч тендерийн үйл явцын талаар дараах баримтуудыг дэлгэлээ:
"Нэгдүгээр ангийн сурах бичгийн эхийг зохиох, хэвлэх, түгээх энэхүү тендерийг Боловсролын ерөнхий газар (БЕГ) хариуцан зохион байгуулсан. Төсөл өнөөдрийг хүртэл удааширсан гол шалтгаан нь захиалагч байгууллагын Үнэлгээний хорооны ур чадвар, мэргэшсэн байдалтай шууд холбоотой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1-д зааснаар баримт бичгийг захиалагч баталдаг. Гэтэл анхны баримт бичгийн 80 гаруй хувь нь сүүлд үндсээрээ өөрчлөгдсөн. Судалгаа тооцоогүй баримт бичиг боловсруулснаас үүдэж өнөөдөр хүүхдүүд бүтэн сурах бичиггүй хохирч байна.
Нэгдүгээрт, албан тушаалын томилгоо хууль бус байх үндэслэлтэй: БЕГ-ын дарга Т.Тамирын томилгоо эргэлзээтэй. Төрийн албаны тухай хуулийн 18.2, 23.2.1-д тэргүүн түшмэлийн албан тушаалд эрхэлсэн түшмэлээр 6-аас доошгүй жил ажилласан хүнийг томилохоор заасан байдаг. Гэтэл түүний намтарт уг түшмэлээр 4 жил ажилласан түүхтэй. Түүнийг ямар шалгуураар дүйцүүлэн томилсон нь тодорхойгүй байна.
Хоёрдугаарт, Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн мэргэжлийн бус: Худалдан авах тухай хуулийн 50.6-д зааснаар сурах бичгийн чиглэлээр мэргэшсэн нарийн мэргэжилтнүүд ажиллах ёстой атал үнэлгээний хороонд барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн орж, 6 настай хүүхдүүдийн сурах бичгийг дүгнэсэн байна.
Гуравдугаарт, оюуны өмчийн болон ашиг сонирхлын ноцтой зөрчил: Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11.4-т зааснаар сурах бичгийг ашиглах онцгой эрх Боловсролын яаманд хадгалагддаг. Гэтэл татвар төлөгчдийн 6.7 тэрбум төгрөгөөр бүтээгдсэн туршилтын сурах бичгийн агуулгыг оролцогч компаниуд өөрсдөө зохиосон мэтээр оруулж ирсэн. Төслийн багт ажиллаж байсан хүмүүс оролцогч компаниудын зохиогч, редактороор орсон байх үндэслэлтэй. Бид эдгээр асуудлаар Авлигатай тэмцэх газрын (АТГ) Мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргаж, шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Дөрөвдүгээрт, ялсан компаниудын улс төрийн хамаарал:
- 'Соёмбо принт' ХХК: УИХ-ын гишүүн, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2000–2007 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний хамаарал бүхий этгээдүүд өмчлөгч, захирлаар нь ажиллаж байсан үндэслэлээр өмнө нь зарим тендерийн хориглолт хязгаарлалтад орж байсан үйл баримттай.
- 'Мөнхийн үсэг' ХХК: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 1996–2005 онд захирлаар нь ажиллаж байсан, хамаарал бүхий этгээдүүд нь холбоотой хэвээр байгаа тул ашиг сонирхлын зөрчлийн маргаан нь эцэслэгдээгүй байхад дахин шалгаруулсан байна.
Түүнчлэн 'Монсудар' хэвлэлийн газрын хувьд сурах бичгийн агуулга, бүтээгдэхүүний чанараараа бус, туслан гүйцэтгэгчээр орсон тээврийн компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн (НДШ) 1.8 сая төгрөгийн зөрүү гарсан гэх шалтгаанаар бүрэн хасагдаж, сурах бичгийн эхийг нь ч үзэж шалгалгүй хассан" гэдгийг хуульч тодотгов.
Дэлгэрмаа: Шинэ сурах бичиг нь хүүхдийг бодуулах бус, хуучин хэв маягийг хиймэл оюунаар чимэглэсэн хайрцаг болжээ
"Монсудар" хэвлэлийн газрын сурах бичиг боловсруулах багийн гишүүн Дэлгэрмаа шинэ сурах бичгийн агуулга, арга зүйн алдааг шүүмжиллээ:
"Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн үзэл баримтлалд 'хүүхэд төвтэй', 'чадамжид суурилсан' сургалтыг хэрэгжүүлж, шүүн тунгаах чадвар, асуудал шийдвэрлэх чадамж олгоно гэж тунхагласан. Гэвч энэ зорилго анги танхимд 6 настай хүүхдийн гар дээр очих сурах бичгээр л хэрэгжих ёстой.
Гэтэл шалгарсан сурах бичгийг харахад томчуудын хүссэн мэдээллийг шууд өгөөд, зөв буруу хариултыг дугуйлуулдаг хуучин арга барил хэвээр байна. 5 настай хүүхэд 'яагаад' гэж асуудаг бол сургуульд ормогц энэ асуултыг тавих ямар ч боломжгүй, багшийн болон номын хэлсэн бэлэн үнэнийг цээжилдэг систем рүү түлхэгддэг. Шинэ сурах бичигт хүүхэд бодох, эргэцүүлэх, үндэслэлээ тайлбарлах ямар ч орон зай үлдээгээгүй.
Түүнчлэн хиймэл оюунаар (AI) яаран үүсгэсэн зургууд нь боловсролын зорилго, хүүхдийн нас сэтгэхүйд огт нийцэхгүй, нүд хуурсан чимэглэл төдий зүйл болжээ. Бид энэ арга барилаар явбал олон улсын PISA үнэлгээнд үр дүн хүлээх ямар ч боломжгүй, ирэх 10 жил хүүхдийн боловсролыг дахин хохироох болно" гэлээ.
Профессор Л.Чин: Нэг сарын дотор бичдэг 1 дүгээр ангийн сурах бичиг гэж дэлхийд байхгүй
МУБИС-ийн профессор, боловсрол судлаач Л.Чин хэлэхдээ: "1990 оноос хойш Монгол Улсад сурах бичгийн чанар тасралтгүй муудаж, би үүнийг 'сурах бичиг биш, урах бичиг' боллоо гэж шүүмжилдэг. 100 айл дээр 'Би чадна' гээд зогсож байдаг хүмүүс шиг мэргэжлийн бус хэн дуртай нь сурах бичиг бичдэг болжээ. Би 30, 40 жил энэ чиглэлээр ажилласан хүний хувьд хэлэхэд улс даяар хэрэглэх 1 дүгээр ангийн сурах бичгийг 1 сарын дотор бичдэг жишиг дэлхийн хаана ч байхгүй.
Сая гарсан сурах бичгийг гүйлгээд харахад 6 настай хүүхдэд шууд 'тэнцэтгэл биш', 'илэрхийлэл' гэсэн хүнд нэр томьёог дураараа оруулсан байна. Эцэг эх нь уншаад ойлгохгүй, хүүхэд бүүр ойлгохгүй номоор яаж хичээл заах юм бэ? Тендер гэдэг зүйл сурах бичгийг зүгээр л мөнгө угаах, эрх мэдэлтнүүдийн компаниудад хөрөнгө оруулдаг хэрэгсэл болгож хувиргалаа" гэдгийг онцлов.
AI зураг, 40-хөн нүүртэй ном ба 10 дугаар сарын 1-ний дуулиан
Хэвлэлийн хуралд оролцсон уран бүтээлчид хиймэл оюунаар бүтээсэн зургийн алдааг дэлгэн үзүүлэв. Сурах бичгийн зурагт нэг модыг олон зуу хувилж тавьсан, хүүхдүүд нь бүгд нэгэн ижил хиймэл царайтай, зарим зураг дээр хүүхэд гурван хөлтэй, гажиг хуруутай гарсан ноцтой алдаанууд гарчээ. 6 настай хүүхэд агуулгыг зургаар дамжуулан хүлээн авдаг атал эдгээр зургууд нь бодит байдлыг гажуудуулж, хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц байгааг онцоллоо.
Мөн Боловсролын яаманд Бага, дунд боловсролын газрын даргаар ажиллаж байсан, боловсролын салбарт 40 гаруй жил ажилласан ахмад мэргэжилтэн ирж үг хэлэхдээ: "Есдүгээр сарын 1-нд улс даяар сурах бичиггүй хичээл эхэлсэн. Гэтэл 10 дугаар сарын 1-нд гэнэт салбарын сайд нь 23 дугаар сургууль дээр очиж 'Сурах бичиг гарлаа' гэж зарласан. Гэтэл тэр нь ердөө 40 нүүртэй (20 хуудас), дасгал ажлын дэвтэр нь 32 нүүртэй (16 хуудас) жижиг товхимол байв. Энэ нь бүтэн жилийн сурах бичиг биш, эхний хэсгийг нь л тасдаж яаран хэвлэсэн хууралтын шинжтэй үйл ажиллагаа. Энэ сурах бичгийг баталсан сайдын эсвэл БЕГ-ын даргын албан ёсны тушаал гарсан эсэх нь ч эргэлзээтэй байна" хэмээн дурдав.
"Сурах бичгийн мафи, түрээсийн бизнесээс болж хүүхдүүд хохирч байна"
Хурлын төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Монсудар" хэвлэлийн газрын захирал Р.Энхбат дараах тодруулгыг хийлээ:
- Яагаад энэ асуудлыг ном хэвлэгдэхээс өмнө яриагүй вэ? Манай компанийг шалгаруул гэж шаардаж байгаа юм уу?
"Биднийг шалгаруулаад өгөөч гэж би хэзээ ч гуйгаагүй, одоо ч гуйхгүй. Бид мэргэжлийн хүмүүсийн түвшинд агуулга, чанараараа өрсөлдөж, эцэг эх, багш нар нь нээлттэй харьцуулж сонгох тэр боломжийг л шаардсан. Гэтэл сурах бичгийг нээж ч үзэлгүйгээр, шалдар булдар шалтгаанаар хассан. Бид хүүхдийн эрх ашгийн төлөө эцсийн мөч хүртэл үр дүн гарна гэж найдаж хүлээсэн ч энэ байдал даамжирсан тул өнөөдөр ярихаас өөр аргагүй боллоо.
Энэ гажуудал өмнөх сайд П.Наранбаяр болон Л.Энх-Амгалангийн үеэс угшилтай. Өнөөдөр сургуулиудад сурах бичиг хангалтгүй байхад хэвлэлийн компаниудад дунд, ахлах ангийн дахин хэвлэгдсэн сурах бичгүүд бэлэн хэвтэж байна. Мөнгийг нь шийдэж өгдөггүйгээс болоод татаж авдаггүй. Дээрээс нь сурах бичиг түрээслэх нэрийдлээр маш их хэмжээний төсвийн мөнгө гарын салаагаар урсдаг. Эцэг эхчүүд төрийн энэ боловсролын дампуурлаас хүүхдээ хамгаалахын тулд хувийн сургуульд өгч, гадаад руу явуулж байна. Улсын их хурлын гишүүд боловсролын төсвийг зүгээр нэг мөнгө үрдэг арга биш, үр дүнтэй нь холбож хянаж өгөхийг шаардаж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.