Нигерийн Агаарын цэргийн хүчний онгоц осолдож 32 цэргийн албан хаагч амиа алджээ
Нигерийн баруун өмнөд бүсийн Ондо мужид Агаарын цэргийн хүчний ATR-42 загварын цэргийн нисэх онгоц осолдож, дотор нь зорчиж явсан 32 цэргийн албан хаагч амиа алджээ. Эдо мужийн Бенин хотоос Лагосыг чиглэн хуваарьт нислэг үйлдэж байсан уг онгоц Даваа гаргийн өглөө 09:13 цагийн орчимд агаарын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбоо тасарч, удалгүй сүйрсэн болохыг эрх баригчид мэдээлжээ.
Осол гаргасан агаарын хөлөг нь Нигерийн Агаарын цэргийн хүчний 107 дугаар агаарын далайн бүлэгт харьяалагддаг хоёр хөдөлгүүрт ATR-42 буюу ATR 42-500MP загварын онгоц байжээ. NAF 931 бүртгэлийн дугаартай уг онгоц нь үндсэндээ тагнуул, ажиглалт, далайн эргүүлийн дэмжлэг үзүүлэх зориулалттай боловч ослын үед ердийн дэмжлэгийн нислэг үйлдэж явсан байна.
Энэхүү осол нь тус улсад 2012 оноос хойш тохиолдсон хамгийн олон хүний амь эрсэдсэн агаарын гамшигт тооцогдож байна. Нигерийн Ерөнхийлөгч болон Иргэний нисэхийн сайд нар гүн эмгэнэл илэрхийлж, Агаарын цэргийн штабын дарга, Агаарын маршалд ослын шалтгаан, нөхцөлийг цаг алдалгүй, нарийвчлан тогтоох үүрэг өгсөн байна.
Амиа алдсан дайчдын дурсгалыг хүндэтгэн улс орон даяар гурван өдрийн үндэсний гашуудал зарлаж, төрийн далбааг хагас бөхийлгөх шийдвэр гаргажээ. Одоогоор намгархаг бүс дэх техникийн үлдэгдлийг бүрэн татан гаргах, ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байна.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.