Тайванийн эргийн хамгаалалтын алба Хятадын загас агнуурын хөлөг онгоцтой харгалджээ
Тайванийн эргийн хамгаалалтын алба Өмнөд Хятадын тэнгист орших Дунша арлын ойролцоох хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн БНХАУ-ын загас агнуурын хөлөг онгоцыг усан буу ашиглан шахан гаргажээ.
Аравдугаар сарын 1-ний өдөр болсон уг харгалдааны бичлэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсанаар бүс нутгийн нөхцөл байдалд анхаарал хандуулах шалтгаан болов.
Дунша арлаас зүүн зүгт 27 далайн милийн зайд буюу хязгаарлалтын бүсийн найман далайн милийн гүнд БНХАУ-ын хоёр хөлөг онгоц зөвшөөрөлгүй нэвтэрснийг хяналтын радараар илрүүлжээ. Тайванийн тал 4000 тонн жинтэй "Юньлинь" эргүүлийн хөлөг онгоцыг даруй илгээсэн бөгөөд тухайн бүсэд очин холбогдох шаардлагыг тавьсан байна. Шаардлагын дагуу эхний хөлөг онгоц зангуугаа татан уг бүсийг орхин явсан бол "Жинь Ша" хэмээх хоёр дахь хөлөг онгоц тушаалыг үл тоон сөргөлдсөн байна.
Радио холбоогоор гурван удаа өгсөн сэрэмжлүүлэг үр дүнд хүрээгүй тул "Юньлинь" хөлөг 200 метрийн зайнаас 30 секундын турш анхааруулах усан буу ашиглажээ.
Хятадын хөлөг хөдлөхөөс татгалзсаар байсан тул эргүүлийн хөлөг онгоц зайгаа ойртуулан, удирдлагын тавцан руу нь чиглүүлэн 90 секундын турш өндөр даралттай усаар тасралтгүй шүршсэн байна. Бичлэгээс үзвэл Тайванийн алба хаагчид галт зэвсэг бэлэн байдалд барьж, хэрэв тушаалыг биелүүлэхгүй бол хүчээр онгоцонд нэвтэрч баривчлах тухай хатуу анхааруулга өгч байв.
Сөргөлдөөний эцэст Хятадын хөлөг онгоцны баг хөдөлгүүрт техникийн саатал гарсан тухай мэдээлснээр талууд баривчилгаа явуулалгүй ойлголцолд хүрсэн байна. Тайванийн эргийн хамгаалагчид хүмүүнлэгийн үүднээс тусламж хүссэн тус хөлгийн багийнханд 35 хүний халуун хоол хүнс нийлүүлжээ. Үүний дараа аравдугаар сарын 2-ны өглөө саатсан хөлгийг Тайванийн хязгаарлалтын бүсээс чирч гарган, БНХАУ-ын талын хөлөг онгоцонд амжилттай хүлээлгэн өгсөн юм.
Тайванийн эргийн хамгаалалтын албанаас өөрийн хяналтын бүс нутгийг хамгаалах, зөвшөөрөлгүй загас агнахаас урьдчилан сэргийлэх зорилгоор стандартад нийцсэн үхлийн бус хүч хэрэглэсэн гэж тайлбарлав. Харин БНХАУ-ын талын хэвлэлүүд энэхүү үйлдлийг БНХАУ-ын Үндэсний баярын өдөр тохиосон аюултай алхам хэмээн буруутгаж, усан бууны даралт хөлгийн хөдөлгүүрийг гэмтээсэн гэж үзэж байна. Далайн эргүүлийн алба энэ явдлаас өмнө Пэнхү олтриг орчмоос 5000 килограмм загас хууль бусаар агнасан өөр нэг хөлгийг саатуулан шалгаж байжээ.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.