Нөхөр нь фронтод. Эхнэр нь Оросын дроны цохилтод өртөж амиа алджээ
Украины нийслэл Киев хотын Соломянский дүүрэгт байрлах "Compass FM" бизнес төвд есдүгээр сарын 25-ны өдөр Оросын тийрэлтэт нисгэгчгүй төхөөрөмж цохилт өгсний улмаас сэтгүүлч асан 29 настай Мария "Маша" Ивженко болон өөр зургаан энгийн иргэн амиа алдсан юм.
Ажлын цагаар, энгийн оффисын барилга руу чиглэсэн уг агаарын халдлага нь фронтын шугамаас алслагдсан хотуудад энгийн иргэдийн амь нас өдөр бүр аюулд өртөж байгааг харуулсан эмгэнэлт явдлын нэг болов.
Мария Ивженко нь Стратегийн харилцаа холбооны төв (SPRAVDI) болон "NV Business" хэвлэлд батлан хамгаалах салбарын технологи, мэдээллийн технологийн чиглэлээр бичиж байсан туршлагатай сэтгүүлч бөгөөд сүүлд хувийн хэвшилд ажиллаж байжээ. Түүний нөхөр Даныло Ивженко мөн өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байсан ч дайн эхэлсний дараа фронтын тэргүүн шугам руу сайн дураараа явж, Украины Гуравдугаар салангид довтолгооны бригадын байлдааны эмнэлгийн ажилтнаар үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Эхнэр нь дайны талбарт байгаа нөхрийнхөө төлөө өдөр бүр түгшин сууж байсан бол эцэст нь өөрөө нийслэл хотын төвд амиа алдсан нь харуусал төрүүлж байна.
Уг дайралтын үеэр хосын саяхан зээлээр авсан автомашин шатаж, ажлын байр нь бүрэн сүйджээ. Залуу хос саяхан байрны зээл авч, өвлийн улиралд хүүхэдтэй болохоор төлөвлөж байсныг гашуудаж буй нөхөр нь хуваалцсан байна.
Даныло CNN агентлагт өгсөн ярилцлагадаа "Би цэрэг хүн, бид Оросын эсрэг байлдаж байна. Хэрэв намайг дроноор, эсвэл пуужингаар хөнөөсөн бол энэ нь байж болох шударга зүйл. Бид тэднийг устгаж, тэд биднийг устгадаг. Гэвч тэд Машаг алснаар намайг хамтад нь алчихлаа" хэмээн ярьжээ.
Украины албаныхны мэдээлснээр уг цохилтод "Геран-5" зэрэг шинэ үеийн тийрэлтэт нисгэгчгүй онгоцыг ашигласан байна. Эдгээр дрон нь ердийн сэнст төхөөрөмжүүдтэй харьцуулахад илүү өндөрт, хурдтай нисдэг учир агаарын довтолгооноос хамгаалах системийг ихээхэн ачааллуулдаг аж. Халдлагын үеэр Киевийн дээгүүр өөр нэгэн тийрэлтэт дрон өндөрт эргэлдэж, радио удирдлагын дохио дамжуулан цохилтыг чиглүүлж байсныг албаны эх сурвалжууд онцолжээ.
Киев хот болон түүний орчмын бүс нутагт наймдугаар сарын сүүлчээс аравдугаар сарын эхэн үе хүртэлх хугацаанд Оросын агаарын цохилтын улмаас наад зах нь 98 хүн амиа алдаж, 435 гаруй иргэн бэртэж гэмтээд байна.
Мөн наймдугаар сард 2,800 гаруй, есдүгээр сард 3,100 гаруй дрон ашигласан дайралт бүртгэгдсэн нь ОХУ-ын зүгээс фронтын бүсээс хол орших иргэний дэд бүтэц, оффисын барилгуудыг онилох явдал улам эрчимжиж байгааг илтгэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.