“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо

“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо

Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг хамруулсан гамшгийн үеийн бэлэн байдлын сургалт, дадлагыг өнөөдөр /2026.10.02/ зохион байгууллаа. Мөн арга хэмжээний үеэр АНУ, ОХУ, БНХАУ, Чех, Унгар, Япон зэрэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаас оролцож, тухайн улсад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэсэн нь онцлог байлаа.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо арга хэмжээг нээж үг хэлэхдээ залуучууд, өсвөр үеийнхний хөгжилд чиглэсэн аливаа ажил бол хамгийн чухал хөрөнгө оруулалт гэдгийг дурдаж, гамшиг, эрсдэлд бэлэн байж, зөв дадалтай, ирээдүйнхээ талаар эерэг төсөөлөлтэй, өндөр ёс суртахуунтай иргэн болон төлөвших хэрэгтэйг онцоллоо. Мөн тэрээр төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголт, ойрын жилүүдэд эрэлттэй байх ажлын байр болон хорт зуршил, донтолтоос хэрхэн ангид байх талаар мэдээлэл өгч, нээлттэй ярилцлага өрнүүлэв.

Хүүхдүүд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гал түймэр, газар хөдлөлт болон болзошгүй аюул, ослын үед хэрхэн сандарч тэвдэлгүй бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангах талаар нүдээр үзэж, бодит нөхцөлд сургуулилт хийсэндээ баяртай байлаа. Мөн хар тамхи, хорт зуршлын хор нөлөө, донтолтоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас сургалт орсон юм. Эрэлч нохдын болон өндрөөс аврах, гал түймэр унтраах үйл явцыг хүүхдүүд анх удаагаа үзэж байгаагаа хэлж байв.

 127b8af87b894b0eb0413b47ddeb548f

“Өсвөр үе – Бидний ирээдүй” арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Арга хэмжээнд дүүргийн Боловсролын хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо болон Үндэсний аврах бригад, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төв зэрэг олон байгууллага оролцож, хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит мэдээлэл, практик мэдлэг хүргэсэн цогц сургалт, дадлагын арга хэмжээ болж өнгөрлөө.

50d162d36aab4269b102d805c3373efb

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.