Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа
Азийн хөгжлийн банктай 2025 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн хоёр дахь нэмэлт санхүүжилт” болон “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр боллоо.
Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд амжилттай өргөжин ирснийг онцлоод, томоохон хөрөнгө оруулалт хийж, боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж буйд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тус төслийн хүрээнд шинээр есөн сургууль, таван цэцэрлэг барьж, 17 сургууль, нэг цэцэрлэгийг өргөтгөж, нэг сургуулийн барилгын ажлыг дуусгах бөгөөд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг 11,140 суудлаар нэмэгдүүлэх аж.
Харин “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын алслагдмал буюу хөдөө орон нутагт нас баралтын түвшинг бууруулж, урьдчилан сэргийлэх юм. Энэ хүрээнд шинээр нэг аймгийн нэгдсэн төв эмнэлэг, гурван аймгийн эмнэлгийн өргөтгөл, 13 байршилд яаралтай, эрчимт эмчилгээ болон мэс заслын тасгуудыг шинэчилж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна, долоон боомтод шинээр эрүүл мэндийн төв барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.