🔴С.Одонтуяа: Төсвийн тодотголоос үргүй зардлуудыг хасаж, ахмадуудын тэтгэврийг нэмэх шаардлагатай

AI хөрвүүлсэн
🔴С.Одонтуяа: Төсвийн тодотголоос үргүй зардлуудыг хасаж, ахмадуудын тэтгэврийг нэмэх шаардлагатай

Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэтгэврийн шинэчлэл, төсвийн тодотгол болон ахмадуудын нийгмийн хамгааллын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Ардчилсан намын бүлэг ахмадуудын өмнө хийсэн бодит ажилтай, барих бэлэгтэй байгаа. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх хуулийг УИХ-аар батлахад бүлгийн зүгээс онцгой идэвх санаачилгатай ажилласан. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог АН анх 2014 оноос хойш тууштай шаардаж, ярьж ирсэн. Энэ тогтолцоо нь иргэн хуримтлуулсан үндсэн тэтгэврээсээ гадна улсаас олгох суурь тэтгэвэр, мөн сайн дурын буюу хувийн тэтгэвэр давхар авдаг байх нөхцөлийг бүрдүүлж, улмаар тэтгэврийн баталгааг хангах зорилготой. Уг суурь тэтгэврийг хуулийн дагуу ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс олгож эхэлнэ. 

АН суурь тэтгэврийг эсэргүүцсэн гэдэг нь огт худлаа. Бид ахмадынхаа тэтгэврийг нэмэх, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхийг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй, үргэлж дэмжиж ирсэн. Харин эрх баригчдын онгоц хөлөглөн гадаадад зугаалдаг тансаглал, төрийн нэрээр хэрэгтэй хэрэггүй олон ажил зохион байгуулж татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулдаг явдлыг л эсэргүүцэж байгаа. Бид төсвийн тодотголоос ийм үргүй зардлуудыг хасуулах, ашиггүй ажилладаг ТӨК-уудыг татан буулгах шаардлагыг л тавьж байна. Ахмадууд 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үндсэн тэтгэвэр дээрээ нэмээд суурь тэтгэврээ авна гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

Өнөөдөр Монгол Улсад хамгийн хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хэсэг нь ахмадууд боллоо. Тэд залуу насандаа эх орныхоо төлөө шударгаар хөдөлмөрлөсөн ч тухайн нийгмийн үед хувийн өмч, хуримтлал үүсгэх ямар ч боломж байгаагүй. Гэтэл өнөөдөр авч байгаа тэтгэвэр нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй нүүр тулсан энэ цагт хаанаа ч хүрэхгүй байна. Бид энэ их массыг бодитоор дэмжих учиртай. Хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүст бэлэн мөнгө тарааж халамжид шилжүүлэх бус, харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэтгэврийн ахмадуудаа түлхүү харж үзэх ёстой. Тухайлбал, хөрш БНХАУ-д Си Жиньпиний үед тэтгэвэр 400 гаруй юань байсныг 10 дахин нэмэгдүүлж, 4,000 гаруй юань болгосноор ахмадууд нь тэтгэвэртээ сэтгэл хангалуун байна. Манайд бол үр хүүхдийнхээ дэмжлэггүйгээр зөвхөн тэтгэврээрээ амьдарч чадахгүй нөхцөл байдал үүссэн тул энэ тогтолцооны гажуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.