ХЭҮК: 8-9 дүгээр сард хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл эрс нэмэгддэг
Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос хүүхдийн эрх, тэр дундаа сурч боловсрох эрхийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хичээлийн шинэ жил эхлэх үеэр сурч боловсрох эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл, зөвлөгөө авах хандалтын тоо эрс нэмэгддэг болохыг албаныхан онцоллоо. Тухайлбал, жил бүрийн наймдугаар сарын сүүлийн хагасаас есдүгээр сарын эхний хагас хүртэл энэ төрлийн гомдлын тоо оргил үедээ хүрдэг байна.
Хамран сургах тойргийг тогтоохдоо эцэг, эхийн хөрөнгө чинээ, өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг шаардаж байгаа нь хүүхдийг ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэлд оруулдаг байна.
Үүнээс үүдэн түр оршин суух хаягийн бүртгэлтэй гэх шалтгаанаар сургуульд нь бүртгэхгүй байх, улмаар хүүхэд сургууль завсардах, эхний долоо хоногуудад хичээлээсээ хоцрох зөрчил жил бүр давтагдсаар байна. Төрийн байгууллагууд хүүхдийн дээд эрх ашгийг эн тэргүүнд тавьж, сургууль болон боловсролын удирдлагууд тухайн хаяг дээр бүртгэлтэй, шилжилт хөдөлгөөн хийгдсэн л бол хүүхдийн сурч боловсрох эрхийг саадгүй хангах үүрэгтэйг дурдлаа.
Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн мөрөөр ХЭҮК өнгөрсөн хичээлийн жилийн дөрөвдүгээр сард Нийслэлийн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад түүврийн аргаар хяналт шалгалт хийхэд багш, ажилтнуудын зүгээс хүүхдэд үзүүлж буй зүй бус харьцаа, дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй үйлдлүүд илэрчээ.
Нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон болон алслагдсан байршлын сургуулиудын даац хэтэрснээс нэг ангид 60-70 сурагч хичээллэх, хувийн аж ахуйн нэгжийн байрыг түрээслэх, танхимын тоног төхөөрөмж хүрэлцээгүйн улмаас нэгдүгээр ангийн зургаан настай хүүхдүүд ахуйн зориулалтын хуванцар сандал дээр хэдэн цагаар сууж хичээллэх зэрэг ноцтой нөхцөл байдал үүсжээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй дотуур байрнаас ХЭҮК 2022 оноос хойш нийт 194 дотуур байр буюу 40 орчим хувийг хяналт шалгалтад хамруулахад алслагдсан аймаг, сумдын (тухайлбал, Хөвсгөл аймгийн Ханх сум зэрэг) дотуур байрны нөхцөл хүнд хэвээр, дотроо ариун цэврийн байгууламжгүй, бага насны хүүхэд ашиглахад аюултай модон жорлонтой, халдварт өвчин гарах болон бэртэж гэмтэх өндөр эрсдэлтэй байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.