Google Финландад хиймэл оюун ухааны дэд бүтцэд 13 тэрбум еврогийн хөрөнгө оруулна
Google компани Финланд улсын хиймэл оюун ухаан болон дижитал дэд бүтцийн салбарт 2027-2028 оны хооронд хамгийн багадаа 13 тэрбум евро буюу ойролцоогоор 15.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр албан ёсоор шийдвэрлэв.
Alphabet компанийн зүгээс энэхүү алхмыг Европ тивд хийж буй түүхэн дэх хамгийн том хэмжээний хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлсон бөгөөд тооцоолох хүчин чадлыг нэмэгдүүлж, Gemini, Google Search, Google Maps, YouTube зэрэг өөрийн гол үйлчилгээнүүдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлж байна.
Тус корпорац өөрийн үйл ажиллагааны цар хүрээгээ Финландын дөрвөн бүс нутагт өргөжүүлж байна.
Тухайлбал, Хамина хотод 2009 онд хуучин цаасны үйлдвэрийг өөрчлөн байгуулж байсан мэдээллийн төвийн кампусыг далайн усаар хөргөх систем болон орон нутгийн дулааны сүлжээнд илүүдэл дулаан нийлүүлэх шийдэлтэйгээр тэлэхээр болжээ. Түүнчлэн үндэсний цахилгаан дамжуулах сүлжээний Fingrid болон Business Finland төрийн агентлагтай хамтран хойд бүсийн Каяани, Мухос, Ваала хотуудад сүлжээний хүчин чадал, нүүрстөрөгчийн ялгаралгүй эрчим хүчний илүүдэл нөөцөд түшиглэн шинэ төвүүдийг барихаар төлөвлөжээ.
Шинээр баригдах дата төвүүдийг эрчим хүчээр найдвартай хангахын тулд Google компани Финландын эрчим хүчний Fortum компанитай 22 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Энэхүү тохиролцооны хүрээнд тус улсын нийт цахилгааны 10 орчим хувийг үйлдвэрлэдэг Ловииса цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааг өргөтгөх ажлыг дэмжиж, гарсан эрчим хүчнийх нь 50 хүртэлх хувийг Google худалдан авах юм.
Энэ нь Google-ийн хувьд АНУ-аас гадна олон улсад байгуулсан анхны цөмийн эрчим хүчний гэрээ болж буйгаараа онцлогтой. Үүнээс гадна Valorem болон Suomen Hyötytuuli компаниудаас 629 мегаваттын салхин цахилгаан станцын хүчин чадал худалдан авахаар тохиролцсоноос гадна 2027 оны сүүлээр ашиглалтад орох 94 мегаваттын зай хураагуурын системийг Каяани орчимд байршуулж, салхигүй хүйтэн өдрүүдэд эрчим хүчний сүлжээг тогтворжуулахаар болсон байна.
Хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын шатанд буюу 2027-2028 онуудад Финландын дотоодын нийт бүтээгдэхүүнд жилд 3.6 тэрбум еврогийн хувь нэмэр оруулж, улсын хэмжээнд барилгын 16 мянган шууд ажлын байр зэрэг нийт 37 мянга гаруй ажлын байрыг бий болгох урьдчилсан тооцоо гарчээ. Харин ашиглалтад орсны дараа инженер, техникч, аюулгүй байдал болон ханган нийлүүлэлтийн сүлжээний чиглэлээр 7000 байнгын ажлын байрыг хангаж, эдгээр мэргэжилтнүүдийн цалин тухайн улсын дунджаас 24 хувиар өндөр байхаар төлөвлөгдсөн байна.
Бүтээн байгуулалтаас гадна орон нутгийн дэмжлэг, боловсролын чиглэлээр Google дөрвөн жилийн хугацаанд 31 сая еврогийн сан бүрдүүлж, Хамина, Каяани, Мухос, Ваала хотуудын эдийн засаг, байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалахад зарцуулахаар шийдвэрлэв. Мөн боловсролын байгууллагуудтай хамтран 4400 гаруй ажилтныг хиймэл оюун ухааны ур чадварт сургах, 100 оюутанд дата төвийн мэргэшсэн сургалт олгох ажлыг эхлүүлэхээр болжээ.
Ингэснээр Финланд улс дижитал эдийн засаг болон хиймэл оюун ухааны эрин үед сэргээгдэх эрчим хүчний суурьтай дэвшилтэт технологийн томоохон төв болох байр сууриа улам баталгаажуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.