Дональд Трамп туслах болон зөвлөхүүддээ их хэмжээний бэлэн мөнгө бэлэглэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны зарим туслах болон зөвлөхүүддээ баяраар 20,000-45,000 ам.долларын бэлэн мөнгө бэлэглэсэн нь тэдний санхүүгийн ил тод байдлын тайлангаас тодорхой боллоо.
Уг тайланд тусгагдсанаар Ерөнхийлөгчийн гүйцэтгэх туслах Натали Харп, Цагаан ордны харилцаа холбооны зөвлөх Марго Мартин, Зууван танхимын үйл ажиллагааны орлогч дарга Чемберлен Харрис нар тус бүр 45,000 ам.долларын бэлэг авсан байна. Түүнчлэн Зууван танхимын үйл ажиллагааны захирал Уолт Наута 20,000 ам.долларын бэлэг хүлээн авчээ. Төсвөөс жилд 150,000 ам.долларын цалин авдаг Харп, Мартин, Харрис нарын хувьд уг мөнгөн урамшуулал нь төрийн албан хаагчийн жилийн цалингийн бараг гуравны нэгтэй тэнцэж байна. Харин жилд 175,000 ам.долларын цалинтай Наута болон бусад ажилтнууд уг орлогыг санхүүгийн мэдүүлэгтээ "Баярын бэлэн мөнгөний бэлэг" гэж бүртгүүлжээ.
Бэлэн мөнгө авсан албан тушаалтнуудаас 35 настай Натали Харп нь 2025 оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн томилгоогоор Цагаан ордонд орсон бөгөөд Трампын хамгийн ойрын хүрээлэлд тогтмол хамт байдаг нэгэн юм. Тэрбээр 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр зөөврийн хэвлэгч авч яван, мэдээ болон олон нийтийн сүлжээний сүүлийн үеийн мэдээллийг цаасан дээр хэвлэж өгдөг байсан тул "хүн-хэвлэгч" гэх хочтой болжээ.
Эдгээр санхүүгийн баримтыг анх "Вашингтон Пост" сонин нийтэд дэлгэсний дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дэвис Ингл уг үйлдлийг хамгаалж мэдэгдэл гаргасан байна. Түүний тайлбарласнаар Трамп хувийн хэвшилд ажиллаж байхдаа ч, төрийн албанд зүтгэхдээ ч ойр тойрны ажилтнууд болон туслахууддаа Зул сарын бэлэг өгдөг олон жилийн уламжлалтай гэнэ.
Захиргааны албаны хүмүүс энэхүү төлбөрийг албан үүрэгтэй огт хамааралгүй, зөвхөн хувийн бэлэг хэмээн онцолж байгаа бөгөөд ёс зүйн дүрмээр захирагдагч нь удирдлагадаа бэлэг өгөхийг хориглодог ч удирдлага нь ажилтандаа бэлэг барихыг хориглоогүй хэмээн тайлбарлаж байна.
Гэвч хууль болон төрийн ёс зүйн шинжээчид энэхүү үйлдэлд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.
Ерөнхийлөгч Жорж Бушийн үеийн Цагаан ордны ёс зүйн ахлах хуульч Ричард В. Пэйнтер төрийн албан хаагчдад гаднаас цалингийн нэмэгдэл олгохыг хориглосон холбооны хууль зөрчигдсөн байж болзошгүйг анхааруулав. Тэрбээр ийм их хэмжээний чекийг ердийн баярын бэлэг бус, төрийн цалинг хувиас нэмэгдүүлж буй хэлбэр гэж тодорхойлжээ. Мөн АНУ-ын прокурор асан Барбара МакКуэйд улс төрийн удирдагчаас их хэмжээний бэлэн мөнгө авах нь албаны болон хувийн үнэнч байдлын заагийг бүдгэрүүлж, төрийн албан тушаалтнууд нийтийн эрх ашигт үйлчлэх үндсэн зарчмыг сулруулах эрсдэлтэйг санууллаа.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.