Б.Дашпүрэв: Есдүгээр сарын шатахууны захиалга бүрэн баталгаажсан

AI хөрвүүлсэн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуун хангамжийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв: 

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 96 шатахуун түгээх станц (ШТС)-д 1037 тонн, орон нутгийн 65 ШТС-д 808 тонн бүтээгдэхүүнийг ачилтад гаргалаа. Өнөөдрийн байдлаар 79 вагон цистерн буюу 4740 тонн АИ-92 автобензин буулгалтад бэлэн болоод байна. Үүнийг буулгаж, түгээлтийг шуурхай нэмэгдүүлнэ. Түүнчлэн орон нутгийн түгээлтийг тасалдуулахгүй, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллаж байна. 

Мөн газрын тосны бүтээгдэхүүний хомстол үүсэх, үнэ огцом өсөх эрсдэлийг богино хугацаанд бууруулж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд импортын эх үүсвэрийг төрөлжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ОХУ-аас бүтээгдэхүүн тогтвортой авах гэрээ хэлцлүүдээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ БНСУ, БНХАУ, Япон, Малайз, Сингапур зэрэг улсаас урд хилээр бүтээгдэхүүн татан авах чиглэлээр ажиллаж байна. Есдүгээр сарын шатахууны захиалга улсын хэмжээнд хэвийн хангагдах хэмжээгээр бүрэн баталгаажсан. 

Монгол Улс жилд 1.5 сая тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний тасалдал, хомстол үүсгэхгүй байх үүднээс Засгийн газар, АҮЭБЯ-наас газрын тосны бүтээгдэхүүний сав, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

Өнөөдрийн байдлаар бидэнд тулгараад буй хамгийн том бэрхшээл бол нийлүүлэлт хэвийн үедээ дээд тал нь 42 хоногийн нөөц бүрдүүлэх савны хүчин чадалтай байгаа явдал юм. Олон улсад доод тал нь гурван сараас доошгүй хугацааны нөөц бүрдүүлж, үнэ болон хангамжийн савалгааг тогтвортой даван туулдаг жишиг бий. Иймд манай улс гурван сарын хэрэглээг хангах нөөц бүрдүүлэх боломжийг бий болгохоор ажиллаж байна.

Энэ хүрээнд ондоо багтаан 300 мянган м³ багтаамжтай сав, агуулах барих төслийг эхлүүлснээс 150 мянган м³ хүчин чадал бүхий сав энэ онд ашиглалтад орно. Цаашид төслийг үргэлжлүүлэн хувийн хэвшлийг дэмжих замаар 2028 он гэхэд улсын нийт хэрэглээний гурван сарын нөөцийг бүрдүүлэх багтаамжтай болохоор зорин ажиллаж байна.

Ингэснээр 2028 онд Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, гурван сарын нөөцийн савтай болсноор дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ хямд үед нөөцөлж, үнэ өссөн үед нөөцөөсөө хэрэглэх, улмаар үнэ буурах үед татан авалтаа дахин хийх зах зээлийн зохицуулалт бий болно. Эцсийн дүндээ иргэд, хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр хямд, тогтвортой үнээр хангах бүрэн боломж бүрдэнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.