🔴 Б.Пүрэвдагва: Сайжруулсан түлш энэ сарын 15-аас борлуулагдаж эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн нийтийн тээвэр, замын түгжрэл, өвөлжилтийн бэлтгэл ажил болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцын талаар мэдээлэл өглөө.
Нийтийн тээврийн шинэчлэл ба шинэ шийдлүүд
Нийтийн тээврийн ашиглалтын талаар: 2019 он гэхэд нийт иргэдийн 56-57 орчим хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг байсан. Иймд бид иргэдэд нийтийн тээврийг түлхүү сонгох боломж, тав тухыг олгох тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд нийслэл Улаанбаатар хот БНХАУ-ын "BYD" компанитай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан хотын удирдлагууд тус улсын Шэньжэнь хотод ажиллаад иржээ. Энэ тухай тэрбээр: “Шэньжэнь хотод сүүлийн үеийн ногоон, ухаалаг (Green Smart) тээврийн хэрэгслийг нэвтрүүлээд 4 жил болж байна. Энэхүү тээвэр нь метроноос 4 дахин хямд өртөгтэй, бүтээн байгуулалт нь 2 дахин богино хугацаанд хийгддэг онцлогтой. Энэхүү нийтийн тээврийн шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудлаар анхан шатны яриа хэлэлцээ хийгдээд явж байна. Бид 2027 он гэхэд нийтийн тээврийн цоо шинэ үйлчилгээг иргэддээ хүргэх томоохон зорилт тавин ажиллаж байна.
Мөн дүүжин тээврийн ажлын явцын талаар: “Есдүгээр сарын 15-нд дүүжин тээврийн техникийн тестүүд амжилттай хийгдсэн. Одоо улсын комисс хүлээн авах процесс үргэлжилж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу арванхоёрдугаар сарын 15 гэхэд үйл ажиллагааг бүрэн нэвтрүүлнэ гэлээ.
Түгжрэлийг бууруулах, дугуйн зам болон бичил тээврийн хэрэгслийн зохицуулалт
Замын түгжрэлийн тухайд дан ганц зам барих бус эрэлтийг бууруулахад анхаарах ёстой. Жилд нийслэлд 40-50 мянган автомашин шинээр нэмэгдэж буй эрэлтийг хязгаарлахын тулд их багтаамжийн нийтийн тээврийн хүртээмжийг богино хугацаанд нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэлээ.
Сүүлийн үед маргаан дагуулаад буй түрээсийн скүүтер, мопедтой холбоотой асуудалд: “Долдугаар сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орж хэрэгжиж эхэлсэн. ХЗДХЯ болон Тээврийн цагдаагийн алба хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Миний хувьд түлш шатахууны хомсдолтой, үнэ өссөн энэ үед залуус, иргэдэд бичил тээврийн хэрэгслийг ашиглуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Гэвч хуулийн дагуу улсын дугаар авах, хамгаалалтын малгай өмсөх, жолооны сургалтад суух зэрэг нарийн шаардлагууд тавигдсан тул хуулийн хэрэгжилтийг хангасны дараа явуулах нөхцөл бүрдэж байна. Нөгөө талдаа нэг жилийн хугацаанд явган хүний зам дээр 2,700 хүн гэмтсэн харамсалтай тоо бий. Нийслэлээс сүүлийн 2 сарын хугацаанд скүүтер, мопед, дугуйтай зорчигчдыг явган зорчигчтой зам булаалдалгүй тусдаа зорчих боломжийг бүрдүүлэхээр нийт 111 км дугуйн болон бичил тээврийн замыг тавьсан. Хотын төвийн зай талбайгүй хэсгүүдэд авто замын хөвөөг ногоон өнгөөр тэмдэглэн шийдвэрлэж байна” гэв.
Өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан болон хагас коксжсон түлшний хангамж
Есдүгээр сарын 15-наас халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээллээ. “Тавантолгой түлш” ХХК дээр өнгөрсөн долоо хоногт ажилласан бөгөөд тус үйлдвэр өдөрт 1,400 тонн сайжруулсан шахмал түлшийг графикийн дагуу хэвийн үйлдвэрлэж байна. Түлшийг нийслэлийн хэмжээнд 450 орчим цэгээр борлуулахаар бэлтгэжээ.
Иргэдээс өмнөх жилүүдэд ирүүлсэн “түлш 25 кг-даа хүрэхгүй байна”, “борлуулалтын цэгүүдэд нөөц дуусаж байна” гэх гомдлуудыг арилгах зорилгоор энэ жил “Хотула” аппликейшнээр түлшний нөөц, орлого, зарлагыг бодит цагаар хянах тогтолцоонд шилжсэн байна. Ингэснээр нөөц дуусаж буй цэгүүдэд шөнийн цагаар тээвэрлэлт хийж, тасралтгүй хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хагас коксжсон нүүрсний талаар: “Монгол Улс нүүрсний баялаг ихтэй боловч хагас кокс боловсруулах технологи байхгүйн улмаас сүүлийн 2 жил БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортолж байна. Энэхүү гадагшаа урсаж буй хөрөнгийг эх орондоо үлдээхийн тулд Нийслэлийн ИТХ-ын 8 дугаар сарын 6-ны тогтоолоор Багануур дүүрэгт Багануурын нүүрсний уурхайг түшиглэн пиролизын үйлдвэр барих шийдвэрийг гаргасан. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн дэмжлээ. 2028 оны хавар гэхэд эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Энэ төслөөр хагас кокс гаргахаас гадна тодорхой хэмжээний хий үйлдвэрлэж, дэргэдээ 40 МВт-ын цахилгаан станцтай байхаас гадна Багануур дүүрэгт 450 ажлын байр шинээр бий болно” гэв.
Хийн түлш, сэргээгдэх эрчим хүч ба гадаадын хөрөнгө оруулалт
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд энэ өвөл 5,000 өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр тусгай зуухнуудыг байрлуулж эхэлжээ. Энэ өвлийн аюулгүй ажиллагаа болон хэрэглэгчийн тав тухыг үнэлсний үндсэн дээр амжилттай болбол ирэх жилүүдэд 10-15 мянга, цаашлаад 20 мянган өрх болгон шат дараатай нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн 460 өрх байгаа бөгөөд энэ тоог цаашид нэмэгдүүлнэ.
Эдгээр ажлын санхүүжилтийг шийдэх хүрээнд хотын дарга: “COP17 хурлын үеэр сэргээгдэх эрчим хүчнээс дулаан шийдвэрлэх эх үүсвэр, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд хийгдсэн. Яг одоо Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч БНСУ-д GGGI байгууллагатай 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байна” гэлээ.
"Сэлбэ ухаалаг хот" төсөл ба бондын санхүүжилт
Төсөвт ашиглагдаагүй байгаа гэх 700 гаруй тэрбум төгрөгийн талаар: “Энэ бол 'Сэлбэ дэд төв' буюу 'Сэлбэ ухаалаг хот' байгуулах зорилгоор олон улсад гаргасан 500 сая ам.доллар буюу 2.3 их наяд төгрөгийн бондын хөрөнгө юм. Энэ бонд олон улсын зах зээлд гарахдаа зөвхөн Сэлбэ ухаалаг хотыг барина гэсэн зориулалттай тул санхүүжилт нь зөвхөн Сэлбэ төсөлд л зарцуулагдана. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 38-40 хувьтай явж байна. Графикийн хувьд тодорхой хэмжээний цаг хугацаа алдсан зүйл байгаа тул рефинанс хийх шаардлага үүсэж, төлөвлөлтөд нааш цааш зохицуулалт хийгдэж байна” гэлээ.
Төслийн төлөвлөгөөгөөр 2027 он гэхэд 8,000 орчим орон сууцыг ашиглалтад оруулах, 2028 онд нийгмийн байгууламж, худалдаа үйлчилгээ, оффисын төвүүдийг барьж дуусгахаар зорьж байна. Бондын эргэн төлөлтийг нийт 8,575 орон сууцны борлуулалтын орлогоор төлөхөөр тооцжээ.
Орон сууцны үнийн талаар: “Тус бүсийн зах зээлийн дундаж ханш 1 м.кв нь 3.7-3.9 сая төгрөг байна. Бид энэ бодит ханшийн түвшинд борлуулалтаа хийнэ. Сэлбэ ухаалаг хот бол халамжийн хот биш. Нийслэлд анх удаа цогц төлөвлөлттэйгөөр баригдаж буй ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, өндөр түвшний дэд бүтэцтэй томоохон бүтээн байгуулалт юм. Мөн Эдийн засаг, технологийн тусгай бүс болгон зарлаж, татварын таатай хөнгөлөлтүүдийг олгосноор шинэ болон технологийн бизнесүүдийг дэмжих Ухаалаг хот (Smart City) болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.