🔴 Х.Баасанжаргал: Хан-Уул дүүрэгт байршилтай гурван хувийн сургуульд 2,8 тэрбум төгрөг өгөх гэж байгаа нь хэний лобби вэ?
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Засгийн газраас төсөвлөж, парламентээр хэлэлцүүлж буй ирэх оны төсвийн тодотголд зарим нэг шүүмжлэлтэй асуудал байгааг дэлгэн ярьж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэрбээр, “Төсвийн тодотгол дээр ‘Гэрт ойр сургууль’ хөтөлбөрт 50 тэрбум төгрөг тусгагдсан тул Байнгын хорооны гишүүдэд тараагдсан материалын хүрээнд энэ мөнгийг чухам юунд зарцуулах гэж байгаа задаргааг тодруулсан. Материалаас харахад хувьсах зардал нэмж олгох зорилгоор нийт гурван хувийн сургуульд 2 тэрбум гаруй (2.8 тэрбум орчим) төгрөг олгохоор тусгасан байна. Энэ гурван сургууль нь улсын сургуульгүй бүс буюу хороо, дүүргийн хүүхдүүдийг шилжүүлэн сургахад зориулагдсан гэж ойлгогдож байгаа боловч энэ нь зөвхөн Хан-Уул дүүрэгт байршилтай гурван хувийн сургууль байгаа юм. Тэгвэл бусад дүүргүүдийн сургуулийн хэт ачааллыг хуваах асуудал яагаад тусгагдаагүй, яагаад зөвхөн Хан-Уул дүүрэг дээр орж ирсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Мөн гуравхан хувийн сургуульд 2 тэрбум гаруй төгрөг олгоно гэдэг маш их мөнгө. Үүнд хэчнээн хүүхэд сурч, үр шимийг нь хэн хүртэх вэ гэдгийг бид зөв тооцоолсон эсэх нь эргэлзээтэй” гэв.
Мөн анхаарал татсан дараагийн нэг ноцтой асуудал нь төрөлжсөн ахлах сургууль байгуулах, лаборатори, анги кабинет тохижуулахад зориулан тоног төхөөрөмж авахаар суулгасан төсөв гэлээ.
Энэ хэсэгт хэд хэдэн улсын сургуулиас гадна хоёр хувийн сургууль багтсан байсан. Тухайлбал, нэг хувийн сургуульд нь 3.5 тэрбум, нөгөөд нь 3.6 тэрбум гээд нийтдээ бараг 7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авахаар хүснэгтэд орж ирсэн.
Би энэ асуудлаар Боловсролын яамны холбогдох албан тушаалтнаас ‘Хувийн сургуульд төсвийн мөнгөөр тоног төхөөрөмж авч өгөх боломжтой юм уу, ийм байж болох уу?’ гэж асуухад ‘Түр хугацаанд авч өгч байгаа’ гэсэн тайлбарыг өгсөн. Харин Сангийн яам энэ тал дээр тодорхой тайлбар өгөөгүй. Ийм байдлаар төсвийн хуваарилалт хийж болох уу? Тоног төхөөрөмжийг хувийн хэвшилд түр хугацаанд авч өгнө гэсэн ойлголт байдаг юм уу? Тоног төхөөрөмжийн элэгдлийн хугацаа 3 жил байдаг бөгөөд гурван жилийн дараа төр эргүүлээд авахад үндсэндээ ашиглах боломжгүй, үнэ цэнгүй болно.
Хувьсах зардал авахаар тусгагдсан 3 сургууль, тоног төхөөрөмж авах 2 сургууль гээд нийт 5 сургууль гэж харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ нэг сургууль нь тоног төхөөрөмж ч авахаар, хувьсах зардал ч авахаар хоёуланд нь давхар орсон байна
Тэр ганц хувийн сургууль гэхэд л дангаараа бараг 5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар байгаа нь анхаарал татаж байна. Ингээд нийт дүнгээрээ 4 хувийн сургуульд 9.8 тэрбум төгрөгийг хуваарилахаар төсөв оруулж ирсэн. Хэдийгээр салбарын Төрийн нарийн бичгийн дарга ‘Тийм зүйл байхгүй, буруу ойлголттой байна’ гэж тайлбарлаж буй ч төсвийн задаргаан дээр нэр заагдчихсан байгаа.
Үүнээс гадна төрийн өмчийн олон улсын хөтөлбөртэй “Шинэ эхлэл”, “Тэмүүлэл” зэрэг 3 сургуульд нийт 3 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт төсөвлөж, багш нарын цалинг 50 хувиар илүү олгоход зарцуулагдана гэж албаныхан хэлсэн гэв. Энэ асуудлаар албан ёсны бичгээр тайлбар авахаар шаардсан боловч хараахан ирээгүй байгааг хэллээ.
Миний хамгийн гол санаа зовж байгаа зүйл бол боловсролын гарааны тэгш бус байдлыг төр өөрийнхөө мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр өөгшүүлж болохгүй гэдэг асуудал юм. Өндөр цалин амлаад эхлэхээр хамгийн сайн багш нар тэрхүү цөөн тооны сургуульд төвлөрч, бусад улсын сургуулиудад чанартай багш нарын хомсдол үүснэ. Өмнө нь улсын болон хувийн сургуулийн ялгаа гэж ярьдаг байсан бол одоо улсын сургуулиуд дотроо дахиад тэгш бус хуваарилалт үүсэж байна. Хүүхдийн боловсролд ингэж хандаж болохгүй. Нийт дүнгээр нь авч үзвэл хувийн сургуулиудад олгох 9.8 тэрбум төгрөг дээр төрийн 3 сургуулийн 3 тэрбумыг нэмбэл нийт 12 орчим тэрбум төгрөгийг ердөө 7-хон сургуульд өгөхөөр байна. ‘Гэрт ойр сургууль’ хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгийн 12 тэрбум нь ердөө долоохон сургуульд хуваарилагдаж байгаа нь шударга бус. Гэтэл өнөөдөр олон сургуульд хүүхдүүд сурах бичиггүй, ширээ сандал хүрэлцээгүй, нэг ангийн ачаалал хэт өндөр байгаа зэрэг тулгамдсан асуудлууд байсаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.