90 жилийн турш тайлагдаагүй байсан математикийн бодлогыг хиймэл оюун ухаан боджээ
OpenAI компани шингэний динамикийн суурь зарчмыг тодорхойлдог, 90 шахам жил бүрэн шийдэгдээгүй байсан Навье-Стоксын тэгшитгэлийн оршин байх ба гөлгөр чанарын тулгамдсан асуудлыг хиймэл оюуны системээрээ шийдвэрлэснээ 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор мэдэгдлээ.
Дэлхийн математикийн "Мянганы шагналын долоон бодлого"-ын нэгд тооцогддог энэ асуудлын хариуг 165 хуудас бүхий албан ёсны баталгаажуулалт болон Lean программчлалын хэл дээрх кодын хамт олон нийтэд нээлттэй дэлгэсэн байна.
Агаарын урсгал болон усны хөдөлгөөнийг тооцоолоход ашигладаг Навье-Стоксын тэгшитгэлийн хувьд тодорхой хугацаанд хурд нь хязгааргүй өсөж, сингуляр цэг үүсэх эсэх нь математикчдын өмнө олон арван жил хариултгүй байсан юм. OpenAI-ийн загварын тооцооллоор гурван хэмжээст гөлгөр шийд бүхий тэгшитгэл нь шингэний нийт энерги хязгаартай хэвээр хадгалагдсан ч тодорхой хугацаанд сингуляр чанарт шилжих боломжтойг нотолжээ. Хязгаарлагдмал хугацаанд шийд нуран унах үзэгдэл явагддаг болохыг ийнхүү баталсан нь шингэний механик, цаг уур болон аэродинамикийн салбарт онолын томоохон дэвшил авчирч байна.
Тус компани тооцооллын туршилтыг есдүгээр сарын 1-нд эхлүүлж, ердөө 88 цагийн дараа буюу есдүгээр сарын 5-нд эцсийн шийдэлд хүрсэн байна. Ажиллагаанд зэрэгцээ горимоор 10,000 орчим бие даасан хиймэл оюуны агент ажиллаж, хоорондоо 3 сая орчим зурвас солилцон, 130 тэрбум токен зарцуулжээ.
Тооцоололд сая сая ам.долларын өртөг бүхий хүчин чадлыг дайчилсан бөгөөд олон нийтэд хараахан гараагүй, GPT-6 Astra загвараас ч хавьгүй илүү сэтгэн бодох чадвартай дотоод шинэ загварыг туршсан болохыг мэдээллээ.
Клэйн математикийн хүрээлэнгээс 2000 онд зарласан Мянганы шагналын бодлогуудыг бүрэн тайлсан тохиолдолд 1 сая ам.долларын шагнал олгодог журамтай байдаг. Харин OpenAI уг шагналын мөнгийг нэхэмжлэхгүй гэдгээ зарлав. Клэйн математикийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Мартин Бридсон шийдлийг хүлээн зөвшөөрөх үйл явц маш хатуу шалгууртай явагддагийг сануулж, дэвшүүлсэн баталгааг эрдэм шинжилгээний хөндлөнгийн сэтгүүлд хэвлүүлсний дараа математикийн хүрээнийхэн хоёр жилийн турш нарийвчлан судалж байж албан ёсны хороо байгуулагдах учиртайг тайлбарласан байна.
Эх сурвалж:
• qz.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.