З.Мэндсайхан: Үнийн өсөлтөд хамгийн их өртөж буй ахмадуудынхаа тэтгэврийг нэмнэ
Сангийн сайд З.Мэндсайхан ахмад настнуудын тэтгэврийг 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа зарлалаа. Энэхүү шийдвэр нь инфляцын өсөлт, амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор ахмадуудын орлогыг хамгаалах яаралтай арга хэмжээ болж байна. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа бөгөөд тэтгэврийн нэмэгдлийг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор хугацааг нь наашлуулжээ.
Анхны төлөвлөгөөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаатай уялдуулан суурь тэтгэврийг нэмэгдүүлэх шинэчлэлийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульчилсан байсан юм. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, үнийн өсөлтөөс шалтгаалан Засгийн газар уг хугацааг урагшлуулахаар шийдвэрлэсэн байна. Төсвийн тодотголын төслийг баталснаар ахмадууд хуулийн хэрэгжилтийг хүлээлгүйгээр энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн нэмэгдүүлсэн тэтгэврээ авах боломж бүрдэж байна.
Тэтгэврийн нэмэгдлийг хугацаанаас нь өмнө санхүүжүүлэхийн тулд төрийн байгууллагуудын урсгал зардлыг танах алхам хийжээ. Сангийн сайдын мэдээлснээр, улсын төсвийн урсгал зардлаас 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Үүнээс ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийг ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулан хуваарилахаар төлөвлөжээ. Энэхүү зохицуулалт нь иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн төсвийн гол өөрчлөлт болж байна.
Уг шийдвэрийн үр дүнд 450 мянган ахмад настан хамрагдах тооцоо гарчээ. Тэтгэврийн нэмэгдлийн хэмжээг иргэн бүрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээс хамааруулан 100,000-аас 300,000 төгрөгийн хооронд ялгавартай тогтоох юм. Төсвийн тодотгол бүрэн хэрэгжиж эхэлснээр өмнө нь дунджаар 955,000 төгрөг байсан ахмадуудын тэтгэвэр 1.1 сая төгрөгт хүрч өсөх ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
Одоогийн байдлаар хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурал ээлжит бус чуулганаараа төсвийн тодотголыг эцэслэн батлахаар ажиллаж байна. Сангийн сайд З.Мэндсайхан есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд төслийг танилцуулахдаа энэхүү өөрчлөлт нь иргэдийн орлогыг хамгаалах болон инфляцыг тогтворжуулах нөөц бүрдүүлэх гэсэн хоёр үндсэн тулгуурт чиглэж байгааг тайлбарласан юм. Төсвийн тодотгол батлагдсанаар ахмадуудын амьжиргааг дэмжих бодит алхам богино хугацаанд хэрэгжих хүлээлттэй байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.