🔴Л.Гантөмөр: Улс төрийн пи ард Монгол төрийн бодлого сөхөрч байна
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголын төслийг шүүмжилж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Багш нарын цалинг нэмэхтэйгээ зэрэгцүүлээд, 'багш ажилтны цалин' гэж нэрлэн, өнөөдөр боловсролын салбарт ажиллаж байгаа бүх хүний цалинг нэмэх шийдвэр гаргасан. Үүнээс үүдэн зардлын маш том алдаа гарч байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Бид багш нарт өндөр цалин өгье гэж байгаа болохоос биш, жижүүрийн цалин бүх газар адилхан шүү дээ. Тэгээд энэ шийдвэр дээр алдаа, дампуурал эхэлсэн. Ийм төсвийг цааш нь ажил хэрэг болгох гэж зүтгэсээр байгаад өнөөдөр төсвийн тодотгол хийх хэмжээнд хүрлээ.
Төсвийн тодотгол өргөн барихдаа төсвийн хүрээний мэдэгдэл болон бусад хууль тогтоомжид нийцүүлж өргөн барих хуультай. Гэтэл өнөөдөр энэ хууль зөрчигдөж, өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр өргөн баригдлаа. Өргөн баригдахдаа алдагдлыг нэг их наядаар нэмэгдүүлж оруулж ирсэн нь хууль зөрчиж байна.
Хэрвээ хууль өөрчлөх гэж байгаа бол эхлээд тоонуудаа, төсвийн хүрээгээ өөрчлөх хэрэгтэй. Хэрэв энэ өөрчлөлтийг парламент дэмжих юм бол 'бид буруу замаар явъя' гэдгийг парламент өөрөө зөвшөөрч, Засгийн газарт тэрхүү буруу бодлогоо оруулж ирэх боломжийг нээж өгч байна гэсэн үг.
Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд нь 'Та нар өөрчилж өг, тийм учраас одоо өгч байгаа тоог батал. Үүний цаана эмч нарын цалин, тэтгэвэр байгаа' гэж шахаж байна. Биднийг тэтгэвэр нэмэх нэрээр барааны үнэ өсгөх гэж байгаа энэ муухай бодлогоо хэдэн хөгшчүүлийн нэрийг барьж УИХ-аар батлуулах гэж байна.
Яагаад тэр хоёр их наяд төгрөг байхгүй байгаа юм бэ? Төсвийн орлого яагаад тасраад байгаа юм бэ? Өнөөдөр зэс хамгийн өндөр үнэтэй, хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Нүүрс бол маш сайн экспортод гарч байна. Гэтэл орлого яагаад тасраад байгааг тодорхой болгох хэрэгтэй.
Бид цаашид уул уурхайгаас хамаардаг улс учраас яг уул уурхайн компаниудын орж байгаа мөнгийг шууд цалин, тэтгэвэр болгоод байх юм бол нэг өдөр тэр орлого тасарсан өдөр цалингаа тавьж чадахаа больж, модоо барина. Бүгдээрээ уул уурхайн орлогоо ирээдүйдээ хадгалаад, тодорхой хөгжлийн бодлого, хөгжлийн төслүүдээ санхүүжүүлээд, цалин тэтгэвэр, тэтгэмжээ татварынхаа орлогоор гаргаад явдаг ийм л төсвийн нэгдсэн бодлого руу шилжээд удаагүй байна. Гэтэл өнөөдөр тэр бодлогоо нулимаад, сайхан үгээр чимэглэж байна.
Яг цаагуураа бол Монгол Улсын төсвийн бодлогыг, алдаануудаасаа суралцаад арай гэж нэг засраад явж байгаа зүйлийг үгүй хийж, цэг тавих гэж оролдож байна. Энэ бол Монголын төсөв, санхүүгийн хариуцлагыг дуусгах гэж буй хэрэг. Төсвийн санхүүгийн хариуцлага дуусах үед, хөгжил дуусдаг. Монголын хөгжлийн тухай бодлогыг дуусгах гэж байна. Монголын залуучууд хэдхэн жилийн дараа гадагшаа дүрвэхээс өөр сонголтгүй болно.
Иймд УИХ эртхэн шиг хазаарыг нь татаж, энэ төсвийн тодотголоо хуульд нийцүүлэх шаардлагыг Засгийн газарт албан ёсоор өгөх хэрэгтэй. Улс төрийн пи ард Монгол төрийн бодлого сөхөрч байна. Яг л төсвийн хүрээнд байгаа орлого, зарлагаараа асуудлаа оруулж ирээд шийдээд гараад явах бүрэн боломжтой. Энэ хүрээнд захиргааны зардлаа бууруулаад, тэр мөнгийг тэтгэвэр тэтгэмжээ нэмэхэд зарцуулах бүрэн боломжтой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.