АНУ болон Ираны мөргөлдөөн ширүүсэж Ормузын хоолойн тээвэрлэлт саатжээ
АНУ болон Ираны хооронд цэргийн мөргөлдөөн дахин эхэлсэнтэй холбоотойгоор 2026 оны есдүгээр сарын 7-ны даваа гаргийн байдлаар дэлхийн худалдааны чухал зангилаа болох Ормузын хоолойгоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөн саатжээ.
Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд тус хоолойгоор зорчих хөлөг онгоцны тоо 28 хувиар буурч 77-д хүрсэн бөгөөд Тегераны зүгээс далайн тээврийн шинэ хязгаарлалтын бүс тогтоохоо зарлажээ.
Нөхцөл байдал ийнхүү хурцдах гол шалтгаан нь есдүгээр сарын 5-ны бямба гаргийн зэвсэгт мөргөлдөөн байв. АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван газрын тосны танкерт цохилт өгсөн бөгөөд үүнийг Тегераны зүгээс Америкийн байлдааны хөлөг онгоцууд руу баллистик пуужин харвасны хариу арга хэмжээ гэж мэдэгджээ. Үүний хариуд есдүгээр сарын 6-ны ням гаргийн байдлаар Ираны төрийн мэдээллийн хэрэгслээр "Касем Басир" хэмээх орчин үеийн пуужингаар АНУ-ын байлдааны хөлөг онгоцуудыг харваж, Персийн булангийн орнуудад байрлах Америкийн цэргийн баазуудад цохилт өгсөн тухай мэдээлсэн байна.
Тээвэрлэлтийн "Kpler" компанийн мэдээллээр есдүгээр сарын 7-ны даваа гаргийн байдлаар Ормузын хоолойгоор ердөө долоон тээврийн хөлөг онгоц нэвтэрсэн нь өмнөх өдрийнхөөс буурсан үзүүлэлт байна. Олон улсын далайн тээврийн шинжээчид хөлөг онгоцууд хяналтаас зайлсхийхийн тулд байршил тогтоогч төхөөрөмжөө унтрааж байгаа тул бодит хөдөлгөөнийг хянахад хүндрэлтэй байгаа аж. Үүний зэрэгцээ Ормузын хоолойн тээвэрлэлт буурсантай холбоотойгоор Баб-эль-Мандебын хоолойг чиглэх хөдөлгөөн нэмэгдэж, даваа гаргийн байдлаар тус хоолойгоор нэвтэрсэн хөлөг онгоцны тоо 29-д хүрчээ.
Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн дарга Ормузын хоолой болон Персийн буланд "далайн хязгаарлалтын бүс" байгуулах төлөвлөгөөгөө зарлалаа. Уг хязгаарлалтын бүс нь АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлт эхэлж буй цэгээс эхлэн үргэлжлэх бөгөөд Иран улс ойрын өдрүүдэд шинэ усан замын зургийг нийтлэхээр төлөвлөж байна.
Нөгөө талаас АНУ-ын тал Ираны боомтуудад тогтоосон тэнгисийн цэргийн бүслэлтээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Анх 2026 оны дөрөвдүгээр сард эхэлсэн тус бүслэлтийн хоёр дахь шат долоодугаар сарын 14-нд эхэлсэн бөгөөд одоог хүртэл идэвхтэй хэвээр байгаа юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд мэдэгдэхдээ, Ормузын хоолой бүрэн нээлттэй бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хяналтад байгааг онцлоод, хөлөг онгоцуудыг ээлжлэн байршуулах замаар бүслэлтийг тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэх боломжтой гэв.
Ойрхи Дорнодын зэвсэгт мөргөлдөөн болон тээврийн саатал нь дэлхийн зах зээлд шууд нөлөөлж, "Brent" маркийн газрын тосны үнэ баррель нь 96.95 ам.долларт хүрч өслөө. "Goldman Sachs" банк Ойрхи Дорнод дахь тээврийн хямрал ирэх онд ч үргэлжилнэ гэж таамаглаж байгаа тул 2026 оны арванхоёрдугаар сар болон 2027 оны газрын тосны үнийн төлөвөө нэмэгдүүлэн шинэчилсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.