Рашаант өртөө орчимд иргэний гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийжээ
Нийслэлийн Байгаль орчны газраас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөө орчимд шинээр баригдаж буй нефтийн бүтээгдэхүүний агуулахын ойролцоо их хэмжээний хаягдал илэрсэн талаарх иргэний гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар “...” ХХК-ийн эзэмшлийн талбайд нефтийн бүтээгдэхүүний хаягдал болон лаг, битум зэрэг бодисыг зориулалтын бус байдлаар хадгалсан, зарим хэсэг нь асгарч газрын хөрсөнд шингэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн талбайд хаяг шошго тодорхойгүй бодис бүхий савнууд байсны зэрэгцээ газар шорооны ажил гүйцэтгэж байсан нь шалгалтаар илэрчээ. Илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан Экологийн цагдаагийн алба болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдэд мэдээлж, газар дээр нь үзлэг хийлгэн, хөрс болон холбогдох цэгүүдээс нийт 11 дээж авч шинжилгээнд хүргүүлжээ.
Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд заасан “Байгаль орчныг бохирдуулах” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул холбогдох материалуудыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.