“Алтайхангай бүрд” ХХК-ийнхан тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлжээ

“Алтайхангай бүрд” ХХК-ийнхан тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлжээ

Хан Хэнтийн дархан цаазат, тусгай хамгаалалттай болон Онон, Балжийн байгалийн цогцолборт газарт хамаардаг гэхэд хилсдэхгүй нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумын хилийн зааг Сайханы голын голдирол дунд “Алтайхангай бүрд” ХХК-ийнхан хууль зөрчин алт олборлож байна.

Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, олборлосон, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчин үйл ажиллагаа явуулж буй, газрын хэвлийд халдсан, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааг таслан зогсоох илрүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албаныхан Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт хяналт, шалгалт хийж буй юм. Энэ шалгалтаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж “Алтайхангай бүрд”, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум дахь уурхайнхан тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн алт ухсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

93d0b931f76e4ebaa44ef4b5f3df6d29

Өмнөдэлгэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Алтайхангай бүрд” ХХК-ийнхан Сайханы голын голдирол дунд, ойн сантай залгаа шахам газарт алт ухаж байгаа. Тэд хууль зөрчин орон нутгийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй алт ухаж буй талаар бид 2025 оны аравдугаар сарын 7-нд “Хан Хэнтийн дархан цаазат газарт алт ухаж буй “Алтайхангай бүрд” ХХК-ийнхныг “хазаарлах” хүч алга” гэсэн нийтлэлээрээ хүргэсэн билээ. Гэвч хуулийг үл ойшоогоод зогсохгүй, тусгай зөвшөөрөлтэй талбайгаа хэтрүүлэн ухаж буй нь тодорхой болжээ.

МV-006505 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компанийнхан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайландаа “Төсөл Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт хэрэгжинэ” хэмээн тусгаж, зөвшөөрөл авчээ. Гэтэл Батширээтийнхэд бус, Сайханы голын баруун эрэгт Өмнөдэлгэрийн нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компанийнхан Батширээт сумын Барх багийн иргэдэд “Сайханы голоос 54 метр газарт алт угаана” гэж байсан ч өдгөө голын голдирол дунд ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, өмнөдэлгэрчүүд, тус сумын Хэнтий багийн иргэдийн саналыг нь сонсолгүйгээр ухсаар байгаа юм. Сайханы голын голдирол дунд алт олборлож, шороо овоолж байгаа нь Усны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн хууль, хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоож, тоног төхөөрөмжийг нь лацдаж байсан ч “Алтайхангай бүрд”-ийнхэн лацыг тасдан ажиллуулсаар ирсэн юм.

Өдгөө Экологийн цагдаагийн албаныхан хэн нэгний нөлөөнд оролгүй шалгаж, хуулийг уландаа гишгэгч “Алтайхангай бүрд” ХХК-ийнханд хариуцлага тооцож чадах, эсэхийг харах л үлдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.