Ойн санд 11 хүнд газар олгосон албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв

Ойн санд 11 хүнд газар олгосон албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянаж эхэлжээ. Тус албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Б.Балжинням, Б.Ундрах нар иргэн Э.Мөнхбилэгтэй хамтран ойн сан бүхий газарт нэр бүхий 11 иргэнд тус бүр нь 500 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/799 дугаартай захирамж гаргуулж, дээрх 11 хүнд хууль бусаар газар эзэмших нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж дээрх шүүхэд шилжүүлээд байна. Ойн сан бүхий хэсэгт газар эзэмшүүлэхгүй, тэнд өмнө нь газар эзэмшиж, зуслангийн байшин барьж, цахилгаан татсан иргэн хүүхдэдээ өмчөө шилжүүлэх гэхээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан эс зөвшөөрсөөр өдий хүрсэн. Гэтэл тус албаны ажилтнууд нь өөрсдөө 11 иргэнд 500 ам метр талбай олгосон нь бусдыг хясан боогдуулсан үйлдэл гэлтэй.

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 307 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэдний дунд авлигын гурван хэрэг багтсаны нэг нь энэ. Уг хэргээс гадна Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.Аюурзанад 2024 онд хахууль өгсөн Г.Н гэх хүнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.