АНУ болон Иран цэргийн мөргөлдөөнөө дахин сэргээлээ
АНУ болон Ираны зэвсэгт хүчин нэг сар орчим завсарласны эцэст цэргийн мөргөлдөөнөө дахин сэргээж, Ормузын хоолой болон Ойрхи Дорнодын бүс нутагт нөхцөл байдал хурцадлаа.
АНУ-ын тал наймдугаар сарын 30-ны ням гаргийн орой Ираны Ларак арал дахь пуужин харвагч төхөөрөмжүүдэд цохилт өгсний хариуд Ираны Исламын хувьсгалт гварди (ИХГ) Йордан болон Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) дахь АНУ-ын цэргийн баазууд руу пуужин болон дроноор цохилт өгсөн байна.
АНУ-ын Төв командлалын (CENTCOM) хэвлэлийн төлөөлөгч, ахмад Тим Хокинсын мэдээлснээр, Америкийн зэвсэгт хүчин Ормузын хоолойд байрлах Ираны Ларак арал руу өндөр нарийвчлалтай дроноор цохилт өгчээ. Энэхүү ажиллагаа нь өнгөрсөн долоо хоногт олон улсын усан тээврийн замаас тэнгисийн минийг цэвэрлэх АНУ-ын ажиллагааны дараа хийгдсэн байна. Ираны Исламын хувьсгалт гвардийн цэргүүд Ормузын хоолойд тэнгисийн мина байрлуулахаар пуужин харвагчдыг бэлтгэж байсан тул урьдчилан сэргийлэх үүднээс уг цохилтыг өгсөн гэж АНУ-ын талаас тайлбарлажээ. Довтолгооны улмаас Ираны цэргийн алба хаагчид болон энгийн иргэд амь үрэгдэж, шархадсан байна.
Ларак арал дахь бөмбөгдөлтийн хариуд Ираны зэвсэгт хүчин наймдугаар сарын 31-ний даваа гаргийн өглөө эрт АНУ болон түүний холбоотнуудын агаарын баазууд руу хариу цохилт өгч эхэлсэн байна. Ираны тал Йордан улс дахь АНУ-ын Муваффак Салти болон Хаан Хуссейны нэрэмжит агаарын баазууд руу баллистик пуужин болон дроноор нэгдсэн довтолгоо хийжээ. Цохилтын улмаас техникийн болон засвар үйлчилгээний дэд бүтэц, сөнөөгч онгоцууд байрлаж байсан бүсүүдэд их хэмжээний хохирол учирсан байна. Йорданы зэвсэгт хүчин өөрийн агаарын орон зайд нэвтэрсэн найман пуужинг амдан устгасан бөгөөд үүнд АНУ-ын хүчин дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн Иран улс АНЭУ дахь Аль-Минхад бааз дахь АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнийг байндаа авч, Ормузын хоолойн дээгүүр нисэж байсан АНУ-ын "MQ-9 Reaper" дроныг сөнөөсөн гэж мэдээлэв.
Цэргийн мөргөлдөөнөөс хэдхэн цагийн дараа Ормузын хоолойн өмнөд хэсэгт хоёр мина мөргөсний улмаас нэр нь тодорхойгүй супертанкер хөлөг онгоцонд гал гарсан тухай Ираны төрийн телевиз мэдээлжээ.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Киргиз улсад болох бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор явахынхаа өмнө мэдэгдэл хийхдээ, Иран улс дайн хийхийг эрмэлзэхгүй байгаа ч гадны цэргийн түрэмгийллийн өмнө зүгээр суухгүй бөгөөд хариуг шийдвэртэй өгөх болно гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж:
• time.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.