🔴СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа

AI хөрвүүлсэн
🔴СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа

СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүхээс тус хэргийг тал бүрээс нь хянан шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж прокурорт буцаах шийдвэр гаргалаа. 

Шүүх хуралдааны эхэнд оролцогчдын ирцийг тодруулж, яллагдагч болон бусад оролцогчдыг байлцуулан урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулсан байна. Хуралдааныг өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу явуулж, өмгөөлөгч, прокурор, хохирогч болон яллагдагч нарын шүүхэд гаргасан тайлбарыг сонсжээ. Ингээд шүүхээс нэр бүхий гурван яллагдагчид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ болох хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон байна. Энэхүү захирамжийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор дээд шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг шүүхээс тайлбарлалаа.

Хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд:

Нэгдүгээрт. Хэргийг тусгаарласан шийдвэр үндэслэл муутай байна

Прокуророос тусгай тогтоол үйлдэж, яллагдагч Б.Мөнх-Алдарт холбогдох хэргийг тусгаарласан байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн гуравдах хэсэгт хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаж шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно гэж заасан байдаг. Гэвч Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан этгээдийг яллагдагч гэж үзнэ. Прокуророос Б.Мөнх-Алдарт холбогдуулан 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Иймд Б.Мөнх-Алдарт холбогдох хэргийг тусгаарласан нь үндэслэл муутай болсон гэж шүүх үзлээ.

Хоёрдугаарт. Хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих байдлыг батлахад шаардлагатай ажиллагаанууд дутуу байна:

-Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл (хэргийн бодит байдлыг тогтоох) болон 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг батлах хүрээнд хохирогчийн өгсөн мэдүүлэг, хүсэлт, гомдлыг үндэслэн дараах нөхцөл байдлуудыг нэмж шалгаж тогтоох шаардлагатай байна.

-Хохирогч тухайн үйл явдал болсноос хойш хоёр хоног хичээл сургуульдаа явж чадаагүй, хичээлээ тасалсан талаар мэдүүлсэн. Иймд тухайн үеийн хичээлийн ирцийн бүртгэл болон маргааш нь шалгалттай байсан гэх нөхцөл байдалтай холбоотой баримт байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

-Хохирогч мэдүүлэхдээ "2010 оны 10 дугаар сард миний бие өвдөөд Төмөр замын эмнэлгийн Тунгалаг гэх эмчид очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан" гэсэн бөгөөд мөн "2012 онд Төмөр замын эмнэлэгт очиж үзүүлсэн" гэж мэдүүлжээ. Үүнтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бичиг баримт, амбулаторийн карт, эмчилгээний тэмдэглэл зэргийг тодруулах шаардлагатай.

-Хохирогч 2022 онд эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн боловч яг ямар төрлийн тусламж үйлчилгээ авсан нь тодорхойгүй байгаа тул үүнийг нарийвчлан тогтоох нь хэргийн ач холбогдолтой гэж үзэв.

Гуравдугаарт. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон газрыг зөрүүтэй тогтоосон байна:

Хавтаст хэрэгт авагдсан 2011 оны хохирогчийн өөрийнх нь гаргаж өгсөн гомдол, хүсэлт, захидал зэрэг баримтуудад гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2011 оны 10 дугаар сарын 20-24-ний хооронд гэж өөрөө тодорхойлсон байдаг. Гэтэл Б.Мөнхалдарт холбогдох яллагдагчаар татах тогтоол дээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2011 оны 12 дугаар сараас эхлэн тооцож, гэрч н.Намжилын мэдүүлгээр цаг хугацааг тодорхойлсон байна. Хохирогч өөрөө 2010 оны 12 дугаар сарын 24-нд хохирсон гэх байдлаар гомдол гаргаад байхад зөвхөн гэрч н.Намжилын "найзын төрсөн өдөр байсан" гэх мэдүүлгээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоосон нь үндэслэлтэй эсэхийг дахин шалгах хэрэгтэй.

Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо болон гуравдугаар хороо гэж зөрүүтэй бичсэн байна. Хэрэг анх шалгагдах явцад БЗД-ийн нэгдүгээр хороо гэж байсан боловч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа БЗД-ийн гуравдугаар хороонд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн байна. Энэхүү газрын зөрүүг тодруулах шаардлагатай.

Дөрөвдүгээрт. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой хүсэлтүүдийг шийдвэрлээгүй орхисон:

Хохирогч болон яллагдагч нараас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан нэмж шалгуулах, дахин дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан байна. Гэвч эдгээр хүсэлтүүд хавтаст хэрэгт авагдаагүй, шийдвэрлэгдээгүй орхигдсон байгаа нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах бас нэгэн үндэслэл болсон хэмээн шүүхээс мэдэгдэв. 

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаагаас яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай хүсэлт гаргасан. Гэвч Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Мөн өмгөөлөгчийн зүгээс яллагдагч Б.Мөнх-Алдар, Н.Сүхбаатар, Н.Шижирбат, С.Энхболд нарт холбогдуулан захирамж гаргаж өгөхийг хүссэн боловч прокуророос зөвхөн Н.Шижирбат, Н.Сүхбаатар, С.Энхболд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Б.Мөнх-Алдарт холбогдох хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй тул энэ удаагийн шүүх хуралдаанаар Б.Мөнх-Алдарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.