🔴Булган аймагт 14.7 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт иргэн Г-г цагдан хорьжээ
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд гараад байгаа прокурорын байгууллагын ажилтан, цагдаагийн байгууллагын ажилтан болон нэр бүхий иргэдтэй холбоотой эрүүгийн хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу прокурорын зөвшөөрсөн хэмжээнд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Иргэн А нь цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан. Гомдолд "Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алтны шороон ордны ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэр бүхий компаниас таван сая ам.доллароор худалдан авахаар гэрээ байгуулж, 2022 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 14.7 тэрбум төгрөгийг иргэн Г-ийн дансанд шилжүүлж залилуулсан" гэжээ.
Уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гомдол гаргагч А нь тус компанийн ашиглалтын зөвшөөрлийг таван сая ам.доллароор худалдан авч, 50 метрийн хөрс хуулалт хийж, үйл ажиллагааны зардалдаа нийт 41.9 тэрбум төгрөг зарцуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Ийм нөхцөл байдал үүссэн байхад иргэн Г нь А-г хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, тус компаниа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогджээ.
Иймд иргэн Г-д холбогдуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон их хэмжээний мөнгө залилсан үйлдэлд нь 2026 оны наймдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шалгалтын явцад яллагдагч Г нь 2022 оны 10 дугаар сараас 2025 он хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож, улмаар байгаль орчинд хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдэл тогтоогдсон. Үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийт 74 техникийг хураан авч, үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Мөн 2022-2025 онуудад иргэн Г нь өөрийн болон компанийнхаа дансаар их хэмжээний орлого авсан үйлдэлдээ татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагын хурандаа нар болон прокурорын байгууллагын ажилтнууд одоогоор ямар нэгэн байдлаар оролцсон, нөлөөлсөн зүйл байхгүй гэв. Тухайн лиценз нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байршилтай бөгөөд хуулийн дагуу зөвшөөрөгдсөн алт олборлох лицензтэй байжээ. Иймд тус хэрэгт цагдаа, прокурорын байгууллага оролцох ямар ч боломж байхгүй бөгөөд зөвхөн залилсан үйлдэл, зөвшөөрөгдсөн талбайг хэтрүүлж ухсан үйлдэл болон татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл зэрэг зүйл ангиудаар хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.