🔴Н.Шинэцэцэг: Миний гэм бурууг шүүж байгаа мэт уур амьсгал дунд урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрлөө

AI хөрвүүлсэн
🔴Н.Шинэцэцэг: Миний гэм бурууг шүүж байгаа мэт уур амьсгал дунд урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрлөө
СУИС-ын ангийнхны бүлэг хүчингийн гэх хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай зохион байгуулагдлаа. Хохирогч гэх Н.Шинэцэцэг СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа ангийнхаа шинэ жилийн баярын дараа зочид буудалд ангийнхаа долоон эрэгтэйд бүлэглэн хүчирхийлүүлсэн тухайгаа цахим сүлжээнд анх ил болгосон юм. 
 
Хохирогч 2020 оноос хойш хуулийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан ч цагдаагийн байгууллагаас "хөөн хэлэлцэх хугацаа дууссан", "хэрэг хуучирсан" гэх үндэслэлээр хэргийг дөрвөн удаа хааж байжээ. Өмгөөлөгчдийн зүгээс хэргийг гацаанаас гаргаж, прокуророос шүүхэд шилжүүлээд байсан боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорын хяналтад буцаагаад байна.
 

Н.Шинэцэцэг: 

-Шүүхээс хэргийг прокурорт буцаах болсон шийдвэртэй санал нийлэхгүй байна. Прокурорт буцаах болсон шалтгаанууд нь тийм ч их ач холбогдолтой, чухал зүйл сонсогдсонгүй. Энэ нь анхнаасаа мөрдөн байцаах ажиллагааг хянуур, няхуур явуулаагүйтэй холбоотой үүсэж байгаа үр дагавар гэж хэлмээр байна. 

Шүүх хуралд оролцох үед миний гэм бурууг шүүж байгаа мэт уур амьсгал дунд өнгөрлөө. Яллагдагч нарын өмгөөлөгч нар нэлээд ёс зүйгүй, бүдүүлэг байсан. Прокуророос оруулж ирсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бараг бүгдийг нь үгүйсгэсэн байр сууринаас ярьцгааж байна. 

Яллагдагч талынхан "Бид нар гэм буруугүй, биднийг гүтгэж байна" гэж аль ч талаасаа хэлж зүрхлээгүй. Би тэдний өөдөөс хараагүй, харахыг ч хүсээгүй. Надад тэр хүмүүст хэлэх үг, тэдний үгийг сонсох ямар ч хүсэл байхгүй. 

Прокурорын зүгээс хэргийг нотлох баримтад үндэслэн шүүхэд шилжүүлсэнд итгэл найдвар тавьж байна. Өмгөөлөгч нартаа талархал илэрхийлмээр байна. Юугаа ч мэдэхгүй сандарч байхад манай өмгөөлөгч нар хоёр талаас далавчаараа нөмөрлөөд л аваад явчихсан. Миний энэ хэргийг шийдвэрлэхэд сэтгэлээрээ үргэлж дэмжиж, санаа тавьж байгаа Монголын сайхан сэтгэлтэй бүх ээжүүддээ баярлалаа. Та бүхний сэтгэлийн дэм маш их хүч болж байна. Би олон хүний эсрэг, олон жилийн турш ганцаараа тэмцэж ирсэн. Харин анх удаа би ганцаараа биш байна гэдгээ мэдэрлээ. Та бүхэндээ маш их баярлалаа гэв. 

Шүүх хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.12-т заасан үндэслэлээр яллагдагч нарыг цагдан хорих санал гаргажээ.

Тус хэрэгт нийт дөрвөн хүн яллагдагчаар татагдсанаас Н.Сүхбаатар, Н.Шижирбат, С.Энхболд нар шүүх хуралд ирсэн. Б.Мөнх-Алдарын хувьд гадаадад байгаа бөгөөд яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаагүй байгаа тул түүнд холбогдох хэргийг тусгаарлан шалгахаар болж, шүүх хуралд ирээгүй байна.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 16 минут
Үнэн зөв шийдэгдэж хөөрхий эмэгтэйд сэтгэл санааны хохирол өгөөд гэмтэнгүүдэд зохих ял өгөөсөй гэж хүсэж бна