АНУ-ын шүүх Д.Трампын засаг захиргаанаас гаргасан цагаачлалын визний хоригийг хүчингүй болгов
АНУ-ын Нью-Йорк хотын холбооны шүүхээс Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас дэлхийн 75 орны иргэдэд цагаачлалын виз олгохыг хориглосон шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болголоо. Нью-Йорк мужийн өмнөд дүүргийн холбооны шүүгч Жанетт Варгас 2026 оны 8 дугаар сарын 21-ний баасан гаргийн шийдвэрээрээ тус хоригийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Энэхүү шийдвэр нь АНУ-ын Төрийн департаментын хэрэгжүүлж байсан цагаачлалын хатуу бодлогод томоохон цохилт болж байна.
АНУ-ын Төрийн департамент Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн заавраар уг визний хоригийг 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус бодлого нь дэлхийн улс орнуудын бараг 40 хувийг эзлэх 75 орны иргэдийг хамарч байсан бөгөөд үүнд Афганистан, Бразил, Орос, Сомали, Колумб, Египет зэрэг улсууд багтжээ. Трампын засаг захиргаа энэхүү хоригийг тайлбарлахдаа, эдгээр орноос ирж буй цагаачид АНУ-д нэвтэрснийхээ дараа нийгмийн халамж, төрийн тэтгэмжээс хамааралтай буюу "нийтийн төлбөр" болох эрсдэлээс сэргийлж, Америкийн татвар төлөгчдийн ачааллыг хөнгөлөх зорилготой хэмээж байв. Уг хориг нь зөвхөн гэр бүлээрээ нэгдэх эсвэл тус улсад ажиллахаар зорьж буй хүмүүст олгодог байнгын оршин суух цагаачлалын визэнд хамаарч байсан бөгөөд жуулчны болон оюутны виз зэрэг цагаачлалын бус ангилалд нөлөөлөөгүй байна.
Шүүгч Жанетт Варгас уг бодлогыг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог АНУ-ын Цагаачлал, харьяатын тухай хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнээсээ хэтэрсэн шийдвэр гаргасан гэж дүгнэжээ. Хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн даргад консулын ажилтнуудын виз олгох эрхийг шууд хүчингүй болгох эрх мэдэл байдаггүй аж. Түүнчлэн хууль тогтоомжийн дагуу виз хүсэгчийг төрийн тусламжаас хамааралтай болох эрсдэлтэй эсэхийг консулын ажилтан тухайн хүний санхүүгийн байдал, нас, эрүүл мэнд, ур чадвар, гэр бүлийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан хувь хүн бүрээр нь тусгайлан үнэлэх ёстой байдаг. Гэвч Төрийн департаментаас консулын ажилтнуудад өргөдөл гаргагчийн хувийн нөхцөл байдлыг үл харгалзан, зөвхөн иргэншил, улс орноос нь хамааран визийг нь шууд татгалзах заавар өгсөн нь ялгаварлан гадуурхсан шийдвэр болсон гэж шүүх үзсэн байна.
Уг хэргийг АНУ-ын ашгийн бус байгууллага болох "CLINIC" (Catholic Legal Immigration Network), "ACT" (African Communities Together) болон гэр бүлийн гишүүдийнх нь виз цуцлагдсан 11 иргэн хамтран шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хянан хэлэлцсэн байна. Тэд засаг захиргааны энэхүү шийдвэр нь хууль бус бөгөөд гэр бүлүүдийг үндэслэлгүйгээр тусгаарлаж байна гэж маргажээ.
Шүүхийн шийдвэр гарснаар Төрийн департамент зөвхөн уг бодлогод үндэслэн цагаачлалын виз олгохоос татгалзсан бүх шийдвэрүүдийг хүчингүй болгох үүрэг хүлээж байна. Цаашид визний өргөдлийг урьдын адил хувь хүн бүрээр тусгайлан үнэлж, хэвийн боловсруулах ажилдаа эргэн орох шаардлагатай болж байгаа юм. Гэсэн хэдий ч АНУ-ын Засгийн газрын зүгээс уг шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах магадлалтай хэвээр байна.
Эх сурвалж:
•
• pbs.org
• whqr.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.