Монголд хар тамхины бүлэглэлийн тэргүүн “мэндэлсэн нь”
Монголын бизнес эрхлэгчид хоорондоо маргалджээ. Хэвлэлээр түмэн шидийн мэдээлэл хөвөрч байна.
Нэгнийгээ “Картелын босс”, Пабло Эскабор гэхчлэн дуудаж байна. Цагдаагийн хурандаа нарын нэрийг хавчуулж, тэрхүү картельд үйлчилдэг хэмээж байна.
Картел гэдэг нь хар тамхины бүлэглэлийг хэлсэн нэр гэдгийг бид киноноос голдуу мэдэж авсан. Пабло Эскабор гэдэг нь Колумбын хар тамхины картелийн босс байсан хүн.
Монголд нэг ийм хүн гараад ирсэн, цагдаагийн хурандаа нарыг хөдөлгөөд сууж байдаг гэж ойлгуулах гээд байгаа бололтой. Гэтэл баримтыг нь ухаад үзтэл энэ нь хар тамхи, түүний бүлэглэлтэй огт холбоогүй бизнесийн маргаан байх агаад иргэн В.Ганзоригийг 30 хоног цагдан хорьсонтой холбоотой мэдээллийн кампанит ажил байх ажгуу.
“Үхэхдээ үхэр буугаа тавина” гэж манай ард түмэн энэ тухай онож хэлсэн байдаг.
5 сая ам.долларын гэрээ
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах алтны шороон ордын тусгай зөвшөөрлийг В.Ганзориг захиралтай “Глиймстар” компани эзэмшиж байжээ.

Энэхүү ордоо Г.Ариунболд, Б.Чинбат нарын хамтран эзэмшдэг “Вайнд майнд” компанид 2022 оны гуравдугаар сард 5 сая ам.доллараар худалджээ. “Глиймстар” компанийн дансанд 4 сая нь мөн оны гуравдугаар сардаа, үлдсэн нэг сая нь 5 сард оржээ.
Шороон ордын тусгай зөвшөөрлийг нэгэнт өөрийн болгосон “Вайнд майнд” компанийн захирал Г.Ариунболд ажлаа эхлүүлж, хөрс хуулалт, усны шүүрэл зэрэгт нэмж 42 тэрбум төгрөг оруулжээ. 2022 оны 7-10 сарын хооронд 142кг алт олборлож, Монголбанканд тушаан, татвараа төлөөд, цэвэр ашиг гэж гар дээрээ 20 тэрбум төгрөг авчээ.
Яг ингээд байж байтал цагдаагийн байгууллагаас хууль зөрчсөн хэмээн уурхайг нь битүүмжилж орхисон байна.
5000 төгрөгөөр ордоо буцаан авсан нь
Одоо та бүхний харж байгаа баримт хамгийн хачирхалтай нь. Иргэн В.Ганзориг ямар арга замаар ордоо Г.Ариунболдоос буцаан авсан бэ? Бүр 5000 төгрөгөөр шүү.

5000 төгрөг гэдэг нь “үнэгүй” гэсэн үг бололтой. 5 сая доллараар худалдан авсан ордоо яагаад үнэгүй буцаан өгсөн гэдэг дээр Г.Ариунболд тайлбар хэлэх байх аа. В.Ганзориг цагдаа нартай нийлэн шахамдуулсан уу, гадуур яриад байдаг хүнд гаруудаар дарамтлуулсан уу гэдэг дээр хэзээ нэгэн цагт тайлбар гарч ирж таарна.
Үхэхдээ үхэр буугаа тавьсан нь
Ингээд Г.Ариунболдын гомдлоор В.Ганзоригийг 30 хоногоор цагдан хорьжээ. Яг одоо тэрээр хоригдож байна.
Гэтэл хэвлэлээр “картелийн босс”, Пабло Эскабор гэхчлэн иргэн Б.Чинбатын мэдээлэл хөврөх нь тэр. Тэдний өгүүлж буйгаар Б.Чинбат гэж албин чөтгөр гарч ирсэн юм байх аа.
Б.Чинбат гэж хэнсэн билээ гэтэл “Вайнд майнд” компанийг Г.Ариунболдтой хамтран эзэмшдэг хүн юмсанж. Уг нь В.Ганзориг, Г.Ариунболд хоёрын бизнесийн маргаан үүсээд байдаг. Б.Чинбат гэдэг хүн огт хамаагүй байгаад байдаг.
Гэтэл В.Ганзориг нь энэ бүхнийг Г.Ариунболд биш, Б.Чинбат цагдаа нартай нийлэн зохион байгуулж байна. Намайг хилсээр хорьчихлоо хэмээн “үсчиж” байгаа нь тэр юмсанж.
Б.Чинбат нь “Лантуун дохио”-гийн Ч.Ганжавхлангийн авга ах (аавынх нь ах) юм байна. Олны танил хүнтэй холбовол олон нийтийн анхаарлыг татна. Тэрнээс биш хэн ч танихгүй Г.Ариунболдтой холбовол олон нийт сонирхохгүй гэж пиарчид зөвлөсөн бололтой юм.
В.Ганзориг, Г.Ариунболд нарын маргааныг хуулийн байгууллага хэзээ нэгэн цагт нэг тийш нь шийднэ. 5 сая ам.доллар авсан өгсөн нь цагаан дээр хараар байна. Үүнд нь өөр хүний нэрийг оролцуулаад байх нь зохисгүй юм.
Яахав, манайд зохистой юм байхгүй болохоор дэлхийн нөгөө бөөрөнд байдаг “хар тамхины бүлэглэлийн босс“ Монголд “төрчихөөд” байгаа хэрэг л дээ. Даажинтай ч юм аа даа!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.