Непалд мөсөн гол нурсны улмаас үер бууж олон хүн амь үрэгджээ
Непал-Төвдийн хил орчмын Расува мужид мөсөн гол нурсны улмаас гэнэтийн хүчтэй үер болон хөрсний гулгалт үүсэж, одоогийн байдлаар 162 хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн сураггүй болоод байна.
Лхагва гаргийн өглөө орон нутгийн цагаар 08:30-09:00 цагийн орчимд болсон уг байгалийн гамшиг нь тус улсын түүхэнд сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хамгийн хүнд гарз хохирлыг дагуулаад байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, Төвдийн хил дээр орших Лхенде голын урсгалыг мөсөн голын нуралт эсвэл мөс-хадны нуранги хаасны улмаас ийнхүү гэнэтийн үер буужээ. Эхэндээ тус бүс нутагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж таамаглаж байсан ч нарийвчилсан судалгаагаар уг чичиргээ нь мөсөн голын асар том нурангиас үүдэлтэй болохыг тогтоосон байна.
Гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо цаг тутамд нэмэгдэж байна. Сураггүй болсон 400 гаруй хүний дотор Австрали, АНУ, Энэтхэг, Канад зэрэг орны 341 орчим гадаадын жуулчин байгаа юм. Үерийн аюулт үзэгдэл Расува мужийн Тимуре, Сябрубеси тосгонуудаас гадна Бхоте-Коши голын дагуух Нувакот, Дадинг, Горкха, Читван мужуудыг хамран урсжээ.
Байгалийн гамшиг бүс нутгийн дэд бүтцэд асар их хохирол учруулаад байна. Тухайлбал, Непал болон Хятад улсыг холбосон Митери гүүр, 200 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцууд, олон тооны сууц, авто замууд үерийн усанд автан сүйрчээ. Түүнчлэн Расувагади боомт дээр байсан 300 гаруй ачааны машин болон бусад тээврийн хэрэгсэл хүчтэй үерийн урсгалд автан урссан байна.
Одоогийн байдлаар Непалын арми болон цагдаагийн бие бүрэлдэхүүн хамтран гамшигт нэрвэгдсэн бүс нутагт эрэн хайх, аврах ажиллагааг тасралтгүй явуулж байна. Аврагчид нийт 14 нисдэг тэрэг ашиглан хүрч очиход хүндрэлтэй байгаа газруудаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Эрх баригчдын зүгээс Бхоте-Коши голын сав дагуух оршин суугчдыг сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.