🔴Хотын дарга Б.Пүрэвдагва: Ойн бүсэд олгогдсон 407 нэгж талбарын зөвшөөрлийг цуцалж байна
Нийслэлийн зуслангийн бүс, ойн сан бүхий газруудын ашиглалт, орц гарц, гал түймрийн эрсдэлтэй нөхцөл байдлыг шалгах ажил үргэлжилж байна. Хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн зуслангийн бүс, ойн сан бүхий 26 аманд ажиллаж, газар ашиглалтын нөхцөл байдалтай танилцлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва:
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн ойн сан бүхий газарт нийтдээ 11 мянга гаруй нэгж талбарт газар олголт хийгдсэн байна. Чингэлтэй дүүрэгт хийсэн шалгалтын явцад зөвшөөрөлгүй олон тооны байшин баригдсан, зөвшөөрөлгүйгээр цахилгаан татаж галын аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, модыг тайрч байшин барьсан зэрэг зөрчлүүд илэрсэн.
Зөвшөөрлийг зориулалтын дагуу ашиглаагүй, орц гарцыг хаасан, эрсдэлтэй нөхцөлд олгогдсон 407 нэгж талбарыг өнөөдөр албан ёсоор цуцалж байгааг мэдэгдье. Цаашдаа бид орц гарцыг хаасан, ойн сан бүхий газарт олгогдсон газруудыг зөв төлөвлөлт, хатуу хяналт, хамтын ажиллагааны хүрээнд цогц байдлаар шийдвэрлэх болно. Ойн сан руу дээшээ 4-5 давхарлаад газар олгочихсон байгаа эдгээр байршлуудыг бүгдийг нь цуцалж байна.
Зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжуудад хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, албадан нүүлгэх, газар чөлөөлөх ажлыг шат дараатай зохион байгуулна. Энэ шийдвэр нь хэн нэгний өмчлөх эрхэд халдаж буй хэрэг биш. Нийтийн эзэмшлийн үнэт зүйлийг хамгаалж, иргэдэд ногоон байгууламжийг хүртээмжтэй болгох зорилготой шийдвэр.
Улаанбаатар хотын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 м² байгаа нь олон улсын дунджаас маш бага үзүүлэлт. Иймд байгаа ой мод, ногоон бүсээ хамгаалах нь туйлын чухал.
“Улаанбаатар хотын ногоон бүс бол хэн нэгэн цөөн хүний өмч биш. Энэ бол манай хотын 1.8 сая иргэний аюулгүй байдал, эрүүл орчинд амьдрах эрх, амьдралын чанарыг хангах экосистем, бидний үнэт зүйл. Өнөөдөр энд гал түймэр гарах эрсдэл үүсэхэд гал командын машин дээшээ гарах ямар ч боломжгүй, аюулгүй байдал хангагдаагүй байна. Стандарт бус цахилгааны утаснууд нь ойн түймэр гарах хамгийн том эрсдэлийг дагуулж байна. Гал гарвал доороос нэг км орчим газраас ус зөөх нөхцөл байдалтай байна.
Зуслангийн бүсийг хашиж хааснаар өвлийн улиралд хүүхдүүд чаргаар гулгах, зуны улиралд хүүхдээ салхилуулах, залуучууд болон ахмадууд ууланд алхаж, аялж зугаалах эрхийг хязгаарлаж байна. Цаашид зуслангийн бүсүүдийг зөв төлөвлөлтөд оруулахаас гадна Налайх дүүргийн зургаадугаар хороо буюу Тэрэлж орчмын газрын зохион байгуулалтыг цэгцлэх шаардлага үүссэн.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр "Хотын дарга нарын форум"-ыг амжилттай зохион байгуулсан. Форумаар "Улаанбаатар тунхаглал" буюу "Улаанбаатар санаачилга"-ыг олон улсад гаргаж, 24 хотын дарга болон олон улсын байгууллагуудтай хамтран ногоон санхүүжилтийг босгох шинэ механизмыг бүрдүүлсэн.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот баталгаажсан 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгоод байна. Тус хөрөнгийг дараах чиглэлүүдэд зарцуулна.
- Гэр хорооллын халаалтыг түүхий түлшнээс цахилгаан болон хийн халаалт руу шилжүүлэх. Мөн уурын зуухнуудын янданг усан шүүлтүүртэй болгох, цаашлаад хий, цахилгаан руу бүрэн шилжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх.
- Нийтийн тээврийн шинэ төрлүүдийг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг босгосон. Үүнд Метро, Трамвай болон шинэ технологийн "Sky Shuttle" нийтийн тээврийн хэрэгслийн эх үүсвэрийн сувгуудыг баталгаажуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
- Утааны эсрэг дунд хугацааны зорилт болох нүүрс пиролизын (нүүрс пелёзын) үйлдвэрийг байгуулах ажлыг эхлүүлж байна. Цаашид хий болон цахилгаан халаалт руу бүрэн шилжих төлөвлөлттэй ажиллаж байна.
- Сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр өргөн хүрээний хөрөнгө оруулалт оруулж ирэх боломжтойг олон талт хамтын ажиллагааны байгууллагууд мэдэгдсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.