“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баригдах “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг эрчимжүүлэх Засгийн газрын 64, 28 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 56, 152 дугаар захирамжаар ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй.
Ажлын хэсэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулсны дараа олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал авах урилгыг мөн сарын 10-наас тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан. Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид төслийн урилгаа хүргүүлснээс таван ААН-ээс үнийн санал ирүүлжээ. Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулаад байгаа гэлээ.
Хураангуй жагсаалтад багтсан стратегийн хөрөнгө оруулагчдын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөрөнгө оруулах хувилбар, бизнес түншлэлийн саналыг үнэлэх, төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Хөрөнгө оруулагчдад дотоодын сая тонн гангийн хэрэглээг хангахаас гадна экспортод гаргах өндөр чанарын ган үйлдвэрлэх, дотоодын ААН-үүдийг ажлын байраар хангах, ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх шаардлага тавих аж. Төслийн бүтээн байгуулалт явагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Эцэслэсэн дүн мэдээг 2026 оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ

"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол батлагдав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хууль 2022 онд батлагдаж, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцлөөр арилжаалах боломж бүрдсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 7 сард 195 удаагийн арилжаагаар 10.65 сая тонн нүүрсийг 940.4 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалсан байдаг.
Гэвч биржээр арилжаалж буй бүтээгдэхүүний төрөл хангалтгүй, урт хугацааны худалдааны хэлцэл байгуулах боломж хязгаарлагдмал, гэрээний хэрэгжилтийн хугацаанд худалдан авагчийн байршуулсан дэнчин царцаж, эргэлт саарах, компаниудын мөнгөн урсгалд дарамт учруулж буй учраас уг асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Биржийн арилжааны үр ашиг, өрсөлдөх чадвар, нэр төрлийг нэмэгдүүлэх тус тогтоолд гурван үндсэн агуулгыг тусгажээ. Тодруулбал,
-Стандартад нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр болон түүнээс дээш төрлөөр багцлан нэг арилжааны захиалга гаргах
-Уул уурхайн бүтээгдэхүүний индексэд суурилсан үнэтэй форвард гэрээг 5 хүртэл жилийн хугацаатай байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх
-Гэрээ байгуулагдсан тохиолдолд худалдан авагчийн байршуулсан дэнчингийн 90 хувийг буцаан шилжүүлэх, гэрээ дүгнэсний дараа 10 хувийг шилжүүлэх журмыг тусгахаар тус, тус үүрэг болгов.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Манай Засгийн газар бүх төрлийн оффтэйк гэрээг огт хийхгүй. Гэрээний хугацаа дуусаж байгаа, өмнө нь урьдчилгаа төлбөр аваад гэрээ хэлцэл хийж, хэл ам дагуулаад байдаг сэдвийг хаалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу ил тод нээлттэй арилжаал. Үнэ хаялцаад хамгийн өндөр өртөгтэйгөөр нүүрсээ гаргая. Энэ бол ил тод, зөв зарчим. Гэрээ хэлцэл хийнэ гэж дээгүүр, доогуур явдаг хүмүүс боль. Биржээр явж байгаа учраас бүх зүйл ил болсон” хэмээлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.